Алтан овоо, Шилийн богдыг зорих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хорио цээрийн дэглэм тогтоож, одоо ч хэвээр мөрдөгдөж байгаа. Үүнтэй холбоотойгоор Дарьганга сумруу чиглэсэн авто машины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байгаа билээ.
“Сар шинийн баяр болж байгаа учир иргэд аав ээж, ах дүү нартайгаар золгохоор ийш тийш явах ажил их байдаг. Тиймээс бид шинийн гуравныг хүртэл бүх чиглэл рүү авто машинуудыг ариутгаад гаргаж, оруулж байсан. Гэтэл хоёрхон хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 1-ний өдөр Мөнххаан сумын Баянтэрэм гэдэг газар шүлхий өвчний шинж тэмдэг илрээд байна. Уг нь шүлхий өвчний вакцин хийгдсэнээс хойш өвчний дэгдэлт зогсоод байсан ч дахин шинж тэмдэг илэрч эхэллээ. Үүнийг бид саяын хэд хоногийн замын хөдөлгөөний урсгалтай холбоотой гэж бодож байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай. Ялангуяа Дарьганга сумруу чиглэх хөдөлгөөний урсгалыг бүр мөсөн хязгаарлаад байна...” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч. Энхцэцэг хэллээ.
Хорио цээрийн дэглэм 21 хоног үргэлжлэх ёстой. Хугацаагаараа бол энэхүү дэглэм 3 дугаар сарын 13-нд тавигдах ёстой. Гэвч шүлхий өвчний шинж тэмдэг дахин илрээд байгаа учир хорио цээрийн дэглэмийг хэзээ цуцлах нь тодорхойгүй байна.
Монгол орны өнцөг булан бүрээс сар шинийн барын дараа, ялангуяа шинийн 8, 15-нд Дарьганга сумыг зорих хөл хөдөлгөөн ихэсдэг. Шилийн богд, Алтан овоон дээр гарч хийморио сэргээх гэсэн эрчүүд маш их байдаг. Өнгөрсөн жилийн шинийн наймны ганцхан өдөр гэхэд 200 гаруй авто машин Улаанбаатар хот болон бусад аймгуудаас ирж Сүхбаатар аймгийг дамжин Дарьганга сум руу явсан байдаг.
Т. Одончимэг