Монголын төр, шашны баяр Цагаан сар/Шинийн нэгэн/

МОНГОЛЫН МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-02-27 08:06:06

Хаврын эхэн сарын анхны өдөр буюу билгийн тооллын шинийн нэгнийөглөөний наран мандсанаар Цагаан сарын үйл ажиллагаа албан ёсоор эхэлдэг.

2000 гаруй жилийн өмнө эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү их гүрэн оршин тогтнож байсан одоогийн Монголын нутаг хожмын түүхнээ догшин нүүдэлчид хэмээн нэрлэгдсэн Түрэг улсын, дараа нь Чингис хааны байгуулсан Их Монголын эзэнт гүрний эзэмшилд байсан юм.

Монголчууд шинийн нэгний өглөө ургах нартай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанаж цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөсний дараа золгож эхэлдэг. Гэр бүлийн гишүүд өрхийн тэргүүнтэй эхэлж золгоно. Хадагны амсрыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараараа тохойг нь түшиж “Та амархан сайн байна уу?” хэмээн мэндчилэн хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэнд ээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгодоггүй. Учир нь тээж байгаа үрсийн хүйс солигдоно гэж цээрлэдэг ажээ.

Мөн гадаадын жуулчдын хувьд маш сонин содон санагддаг, монголчуудын нэг зан үйл бол Шинийн нэгний өглөө эртлэн “Мөр гаргах ёс” юм. “Дөрвөн зүг найман зовхис” хэмээх зүг чигийн ойлголтыг буддын шашны цаглабар болох “Бунд хорло” буюу “Найман хөлөл”гэх зурган дүрслэл дээр байршуулан 12 жил, 28 одтой хамтатган махбодийн суудлаар нь зурхай зурж ээлтэй зүг, цээртэй зүгийг тодорхойлж түүний эсрэг дом заслын чанартай үйлддэг энэхүү зан үйл нь Монголчуудын уугуул шашин болох бөө мөргөлтэй холбогдоно. Эдгээр нь эрт үедээ бумбын шашнаас үүдэлтэй гэх бөгөөд Бурханы шашин монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг.

Орчин үед ч энэ зан үйл хадгалагдан сахигдаж байгаа ба хотын оршин суугчид ч шинийн нэгний өглөө зүгээ гаргадаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг. Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ. Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ. Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ. Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ. Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ. Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг.

Энэ нь мөн л Монгол нутагт гурвантаа дэлгэрсэн Буддын шашны шашны нөлөө юм. Бурхан багш “Миний шашин умраас умар зүгт улам дэлгэрнэ” хэмээн айлдсанчлан Бурханы шашин Энэтхэг орноос Их Монгол оронд 2000 гаруй жилийн тэртээгээс гурван удаа дэлгэрч, түүхийн мандал, буурлын нугачааг туулсаар энэ зуунд өвлөгдөн ирсэн. Сүүлчийн удаагийн дэлгэрэлт буюу XVI зуунаас эхлэн Их хөлгөний шашин тэр дундаа Гэлүгвийн ёс дэлгэрч XX зууны эхэн гэхэд Монголын нийт ард түмний үндэсний шашин болсон. Эртний Энэтхэгийн Наландарын хийдээс дамжлагатай Их хүрээ нь Монголын бурханы шашны удирдлага, зохион байгуулалт, боловсролын төв байсан бөгөөд Цогчэн, 12 дацан, 30 аймгаараа дамжуулан шашны үйл хэргээ явуулж байсан. Их хүрээнээс олон зуун эрдэмтэн мэргэд төрөн гарч бурханы шашны салбар ухааны чиглэлээр олон мянган бүтээл туурвилуудыг зохиосон бөлгөө. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам Ёго дацангууддаа Шинийн нэгнээс эхлэн 15 хоногийн турш ерөөл хурж, “Хажид” ном уншдаг. Энэ нь жуулчдын хувьд үзэж сонирхууштай зүйлийн нэг бөгөөд буддын шашны эдгээр номуудыг хэнгэрэг, цан, дун, бүрээ бишгүүртэй хослуулан дуулалт шүлгийн айзмаар унших нь сонин содон үзүүлбэр болдог. Шинийн нэгнээс эхлэн сар шинийг хуучиртал айлддаг эдгээр номууд нь мөн л хүн төрөлхтний амар амгалангийн төлөөр дотоод сэтгэлийн залбирлууд билээ.

Монголын уламжлалт шашны тэргүүн нар Төрийн ордондоо очиж төр засгийн тэргүүн нартаа бараалхан золгосны дараа Монголын ард түмэн уламжлалт шашны төв Гандантэгчлэн хийддээ очиж буддын лам нарт хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдэд ирэх жилийнхээ засал номыг айлтгадаг тогтсон уламжлалтай. Энэ нь бусад улс оронд нийтлэг байдаггүй өвөрмөц хэв таалал тул жуулчдын хувьд мөн сонирхолтой байж болох юм.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг их Чингис Хаан маань 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгддэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ.

Б.Занданхүү

Холбоотой мэдээ