Мосулын баруун хэсгийг чөлөөлөхийн тулд хуурай замын ажиллагаа явуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-20 09:23:57

МОСУЛ. /Xinhua/. Мосул хотын баруун хэсгийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс чөлөөлөхийн тулд Иракийн хүчнийхэн хуурай замын ажиллагаа явуулж эхэлжээ. Тигрис голоор баруун ба зүүн гэж хоёр хуваагддаг Мосул бол Иракийн хоёр дахь том хот юм.

Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади өчигдөр төрийн мэдлийн телевизээр үг хэлэхдээ “Мосулын баруун хэсгийн оршин суугчдыг чөлөөлөхийн тулд шинээр цэргийн ажиллагаа явуулж эхэллээ” гэжээ.

АНУ тэргүүтэй эвсэл босогчдод агаараас цохилт өгөн Иракийн хүчнийн хүчнийхэнд дэмжлэг үзүүлж байгаа аж. Хоёр жил гаруйн өмнө босогчид булаан эзэлсэн тус хотын ойролцоох хоёр тосгоныг чөлөөлөөд байна.

Мосул бол “Лалын улс”-ын хамгийн том түшиц газар юм. Иракийн цэргүүд тус хотын зүүн хэсгийг өнгөрсөн сард чөлөөлсөн билээ.

Босогчид хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа учир Тигрис голын баруун эрэг дагуу давшилтаа эрчимжүүлэх боломжгүй байна.

Хуурай замын ажиллагаа явуулж эхэлсэн нь “Лалын улс”-ынхныг Мосулаас цэвэрлэх ажиллагаа шийдвэрлэх шатандаа орсныг харууллаа.

Гэхдээ тус хотод гарах гарцгүй болоод байгаа 750 мянган оршин суугчийг босогчид “амьд бамбай” болгон ашиглаж болзошгүй гэсэн түгшүүр нэмэгдэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ