Г.Ганболд:Олон юманд самгардалгүй, нэн шаардлагатай цөөхөн ажлыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-19 13:47:04

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдоос цаг үеийн болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар мэдээлэл авлаа.

-Өвлийн сар өнөтэй дуусч, хаврын улирал хаяанд ирлээ. Магадгүй, урин цагийг угтаад удирдлага та бүхний сэтгэл ч тэнийж байгаа болов уу?

-Өвлийн сар дуусч байна. Хүйтний улирлыг харьцангүй тайван өнгөрүүллээ. Аймгийн хэмжээнд нийтдээ 840 орчим мал хорогдсон. Өнгөрсөн сард аймгийн баруун, хойд хэсгийн таван суманд цас их орж, малын хөл хоригдсон ч бид шаардлагатай арга хэмжээг цаг хугацаанд нь авсан.

Улсын Онцгой комисст хүсэлт тавьж, 120 тонн буюу 6000 боодол өвсийг зутруу байгаа сумдын малчдадаа үнэ төлбөргүй тараалаа. 2400 шуудай хивгийг 50 хувийн хөнгөлттэй үнээр өглөө. Хархорин сумаас 23 тонн няцалсан будааг малчдад хөнгөлөлттэй үнээр зээлээр өгсөн. Зөвхөн малчид гэлтгүй, нийт иргэд рүүгээ ч анхаарч нүүрс, түлш хүргэх ажлыг зохион байгууллаа. Албан байгууллагуудаас хандивын аян өрнүүлж, тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд өвлийн ид хүйтнийг хохирол багатай давах хандлагатай байна.

Цаашид хаврын улирал “чанга” болж магадгүй гэх мэдээг цаг уурын байгууллагаас өгсөн. Шалтгаан нь манай аймагт бэлчээрийн даац 2.5 дахин хэтэрсэн, бэлчээр талхлагдсан учраас цас багатай сумдад хүндхэн нөхцөл үүсч болзошгүй юм. Гэхдээ тухайн үед хэрэглэх өвс, тэжээлийн нөөц хангалттай бий.

- Худаг, усыг нэмэгдүүлэх замаар бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Ямар ч арга байхгүй. Бид судалгаа хийсэн. Худаг усгүйгээс болоод ашиглаж чадахгүй байгаа бэлчээр гэж бараг байхгүй. Ерөөсөө л 64 мянган км/квгазар нутгаараа бодоход л 2.5 сая толгой мал байх ёстой юм. Зун ургамал ногоо гардгаараа л гарч байна, харин олон малын хөл талхалчихдаг. Бэлчээрийн даац хэтэрсэн нөхцөлд зуданд малаа нэрвэгдүүлэх эрсдэл өндөр байдгийг малчдад ойлгуулах нь чухал. Мал хуйгаа чанаржуулах, тоо толгойд бариулж зарж борлуулах шаардлагатай гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг төрийн бодлогоор шийдэж болно. Тухайлбал 500-аас доош малтай бол татвар авахгүй, 500-1000 малтай бол багахан татвар авна, 1000-аас дээш бол татвар өндөр, 2000-аас дээш бол бүр өндөр татвар төлнө гэх байдлаар журамлах юм бол малын тоогоо барьж борлуулаад эхэлнэ. Одоо 5000 малтай байсан ч татвар авахгүй байгаа болохоор мал өсч л байвал тэр хэмжээгээр явуулж байна.

- Сар шинийн баяр дөхөж, аймгийн аваргуудаа шалгаруулж байна. Малчид маань улсын аваргын болзлыг хангалттай биелүүлжээ.

- Улиран өнгөрч буй Гал бичин жил Өвөрхангайчуудад ээл, буянаа хайрласан сайхан жил болж өнгөрлөө. Өвөрхангай аймаг маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор шагнуулсан. Эдийн засгийн гол тулгуур болох мал сүргийнхээ тоогоор улсад хоёр жил дараалан тэргүүллээ. Мянгат малчдын тоо 770-д хүрлээ. Энэ жил Өвөрхангай аймгаас улсын хошой аварга 1, улсын аварга малчин 7, улсын аварга саальчин 1, улсын аварга тариаланч 1 гээд нийтдээ 10 улсын аварга төрлөө. Аймгийн аваргад тодорхойлогдож ирсэн малчдын тоо ч олон байсан. Бид малчдынхаа хичээл зүтгэл, амжилт ололтыг харгалзаж үзээд 60 малчинг шалгарууллаа. Сар шинийн баярын өмнө уламжлал ёсоор өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж улс, аймгийн аварга малчид, тариаланч, тэргүүний сум, байгууллага, ажилтнаа шалгаруулдаг уламжлалтай. Шалгарсан аваргууддаа шагнал гардуулах ажиллагаа үргэлжилж байна.

- Энэ оныг “Ахмадаа дэмжих жил” болгон зарласан. Жилийн хамгийн гол зорилго юм вэ?

- Ахмадыг дэмжих жилийн хүрээнд аймаг, сум, байгууллага бүр төлөвлөгөө боловсруулан баталсан. Ахмадуудад зориулсан олон ажил хийнэ. Үүний дотор чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн Ахмадын өргөөг барих зорилготой байгаа. Орон нутгаас тодорхой хөрөнгө гаргасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүсэлт тавьж, хөрөнгө, мөнгө шийдүүлэхээр болсон. Барилгын зураг, төслийн ажил дууссан, 4 сар гэхэд сонгон шалгаруулалтаа хийж ажлаа эхэлсэн байна. 10 сарын 1 буюу Ахмадын баярын өдрөөр энэ өргөөний нээлтийг хийх зорилготой байгаа.

Мөн “Нэг өрх-Нэг ажлын байр” аянд үр хүүхэдгүй эсвэл хүүхдүүд нь ажил төрөлгүй амьдрал нь хүнд ахмадуудыг хамруул дэмжлэг үзүүлэхийг байгууллагуудад даалгасан. Энэ 2 сардаа багтаан тайланг авч аль байгууллага ахмадуудад чиглэн юу хийснийг нягтална. Ахмадуудыг оролцуулсан урлаг, спортын наадам хийхээр төлөвлөж байна.

Миний тавьж байгаа хамгийн гол зорилго бол БОЭТ, Нийгмийн халамж, даатгал, улсын бүртгэл, Арвайхээр сумын Нэг цэгийн үйлчилгээ гэхчлэн төрийн үйлчилгээний байгууллагуудад ахмадуудыг хүлээгдэл, чирэгдэл багатай үйлчлүүлдэг болгох юм. Тухайлбал “БОЭТ-д нөөц боломжоо ашиглаад ахмадуудыг дараалал дугааргүй үздэг хуваарийг гарган мөрдөж дэмжлэг үзүүл” гэсэн үүргийг өгч байгаа. Иргэн нь ч ахмад настнаа дээдлэн зай тавиад өгчихдөг хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байна.

- 2017 онд Өвөрхангайд томоохон арга хэмжээнүүд зохиогдох уу?

-Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойг 7 сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Энэ үеэр Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Засгийн газрын тогтоолоор зохион байгуулна. Ойг угтаж Арвайхээрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хуучин орон сууцыг засварлах, зам талбайг сэргээхэд хөрөнгө баталсан.

Мэргэд сургуулийн 920 хүүхдийн сургуулийг 80 хувь хүртэл гүйцэтгэж, ирэх жил ашиглалтад оруулна. Ингэснээр сургуулийн сурагчдын ээлжийн коэффициент 2 ээлжтэй, анги дүүргэлт 30-иас бага хүүхэдтэй болно. 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулж, дахиад нэг цэцэрлэг шинээр барих төлөвлөгөөтэй байна. Хоёр цэцэрлэг шинээр баригдахаар анги дүүргэлт багасна. Анги дүүргэлт багасахаар ханиад, томууөвчлөлийн хэмжээ багасах боломжтой.

- Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр манай аймагт бүтээн байгуулалтыг ажил хийгдэхгүй гэсэн ?

- Улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтыг ажил хийгдэхгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн багахан хөрөнгө, яамдын сайд нараас тусгай зориулалтаар шилжин ирдэг жаахан мөнгөөр л ажил хийх болж байна. Гэхдээ бид хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийж болох ажил руу анхаарна. Төрийн албан хаагчдын ажлын цаг барилт, харилцаа хандлагыг сайжруулахаар оролдож байна. Би 7 хоног тутамд Тамгын газрынхаа ажилтнуудынөрөөгөөр орж, хэн байгаа, хэн байхгүйг хардаг. Энэ ажлыг ЗДТГ-аас эхлүүлээд бусад хэлтэс, албадыг ийм зарчим руу оруулна. Энэ мэтээр хөрөнгө шаардахгүй ажил руугаа анхаарч, шийдвэрлэж болно.

- Манай аймагт нэн тэргүүний тулгамдсан асуудал юу вэ?

- Тулгамдаж байгаа асуудал бол ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг. Энэ бүгд нэг л цэг дээр уулзаж байгаа. Ганцхан асуудлыг шийдчихвэл энэ дөрвөн асуудал дөрвүүлээ шийдэгдэх боломж бий. Ажилгүйдлыг шийдчих юм бол ажилтай хүн архи уудаггүй, архи уухгүй бол гэмт хэрэг гарахгүй. Мөн орлого нэмэгдэнэ, ядуурал багасна. Ажлын байраар хангах том зорилго бий боловч төрийн 4 мянга гаруй алба бүгд эзэнтэй байна. Хувийн хэвшлийнхэн тэр бүр ажлын байр гаргаж чадахгүй байна.

Зах зээлийн онол бол эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх асуудал юм. Энэ онолын дагуу бид эрэлт хэрэгцээгээ зөв тодорхойлох нь чухал.Өвөрхангайчууд ямар хэрэглээтэй юм, тэр хэрэглээг хаанаас, хэнээс авдаг юм. Өөрсдөө үйлдвэрлэж хангаж байгаа нь юу байна, гаднаас юуг авч байна гэсэн эрэлтээ зөв тодорхойлж байж нийлүүлэлт хийхгүй бол бид нар нэгийгээ дуурайжбизнес хийгээд дампуурч байна. Тоосго ашигтай байх юм бол бүгдээрээ тоосго үйлдвэрлээд зах зээлээ булаацалдаад эхэлдэг. Тоосго, хүнс, талх нарийн боов, вакум цонхны үйлдвэрлэл, барилга гээд бүгдээрээ үйл ажиллагаагаа бараг зогсоож байна.

Эрэлтээ тооцоолж чадаагүйгээс болоод аж ахуйн нэгжүүд дампуурч байгаа энэ асуудлыг төрийн бодлогоор зохицуулах нь чухал юм байна. Тоосгоны үйлдвэр шинээр нээх гээд ирсэн хүнд өмнөх хоёр үйлдвэрээ хамгаалахын тулд зөвшөөрөл өгөхгүй байя. Аймагт ийм л чиглэлийн үйлдвэрлэл хэрэгтэй гэдгийг олон нийтэд зарлая.

Үүний зэрэгцээ Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгодог мөнгийг төсөл өгсөн хүн бүрт хүртээчих гээд 10-20 саяар нь тараадаг явдлыг зогсоож аймагт үнэхээр хэрэгцээтэй байгаа 2-гуравхан төсөлд их хэмжээгээр нь өгчихөж байя. Тэгэхдээ одоо хашаагаа барьсан бол юу хийх гэж, юу авах гэж байна гэх байдлаар цувуулж өгөөд мөнгөний зарцуулалтанд нь хяналт тавих хэрэгтэй. Жишээ нь Өвөрхангайчууд өндгөө 100 хувь Улаанбаатараас авч байна. Энэ хэрэгцээгээ хангахын тулд 10 мянган өндөглөгчтэй тахианы үйлдвэр байх юм бол хангалттай зах зээл энд байна.

Энэ дагуу би цөөхөн ажлыгхэрэгжүүлэхээр зорилгоо болгосон. Дулааны станц, махны үйлдвэр, арьс шир, сүү, өндөглөгчийн үйлдвэр байгуулахад л анхаарна. Өөр олон юманд самгардахгүй.

- Жишээ нь махны үйлдвэр барихын тулд яаж ажиллах ёстой юм бол…?

- БНХАУ-ын Гүйжөү Хай Чүэн махны үйлдвэрийн Удирдах зөвлөлийн гишүүд 11 сард манай аймагт айлчилсан. Өөрсдийн хөрөнгө оруулалтаар махны үйлдвэр барих юм. Манайх мал аж ахуйн аймаг учраас махны үйлдвэр маш хэрэгтэй. Энэ өвөл малчид 1 сая малыг зах зээлийн эргэлтэнд оруулсан. Цаашид бэлчээрийн даацдаа тохируулан малын тоо толгойг барихыг тулд ядаж 2 сая малыг борлуулах шаардлагатай. Малчид маань малаа борлуулахад авдаг газар нь бэлэн байх ёстой юм.

"Ноос ирээдүй" үйлдвэр 200 хүнийг ажлын байраар хангадаг. Гэтэл 3500 тонн ноос угаах хүчин чадалтай үйлдвэрт 2800 тонн ноос авсан учраас 3 сар ноосгүй, үйлдвэрийн ажил зогсонги байна. Тус үйлдвэрийн удирдлагууд надад хоёрхон хүсэлт тавьж байгаа юм. “Өвөрхангайн ноосыг өөр үйлдвэр рүү явуулахыг хориглож өгөөч. Бид зах зээлийн үнээр нь авъя” гэсэн. Улаанбаатарт ноосны үйлдвэртэй хүмүүс малчдаас ноосыг нь арай өндөр үнээр авч хот руу аччихаад байна. Тэгэхээр үйлдвэрийнхэн маань 10 мянган хонины нэхийг Улаанбаатарын үнээр авч хяргаад тарзыг нь үйлдвэрийн аргаар боловсруулж зөөлрүүлээд “энүүгээр юу хийх вэ” гээд надад үзүүлж байна. Энэ боломжоо ашиглаад арьс ширний үйлдвэр байгуулах саналыг хэлсэн.

Ер нь бол олон иргэнийг ажлын байраар хангаж байгаа үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бид бодлогоор хамгаалах ёстой.

- Манай гадаад харилцаа хэр хөгжиж байна вэ?

- Япон улсын Окаяма мужийн Шёо-Оу-Чу хоттой 1994 оноос эхлэн байнгын харилцаатай явж ирсэн. Мэргэд сургуулийн харилцан туршлага судлах, багш, сургагчдыг солилцох, малын тэжээл, чацарганы тариалалтын зэрэг хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын эмнэлгийн дээд сургуулийн харъяа Хараат эмнэлэгтэй эрүүл мэнд, нийгмийн салбарын чиглэлээр гэрээгээ байгуулан хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүдийг харилцан туршлага судлах, өвчтөнийг хэвтэж эмчлүүлэх зэргээр хамтын Францын Аллери мужын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд жил бүр нарийн мэргэжлийн чиглэлээр иргэдийн эрүүл мэндэд эмчилгээ, үйлчилгээг тогтмол үзүүлж хэвшээд байна.

Итали улсын Бергамо хотын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай өвчтөнд мэс засал болон мэс заслын дараахи тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах тал дээр хамтарч байна.

БНСУ-ын “Ханнарэ” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаатай. Тус байгууллагаас манайд Гал командын машин бэлэглэсэнЖил бүр 2 айлд гэр бэлэглэдэг. “Алтан хонх” нэвтрүүлэг хийж, түрүүлсэнсурагч, багшийг өөрийн оронд амраадаг. Цаашид хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналтай байгаа.

БНХАУ-ын Гүйжөү мужаас манай аймгийн 20 малын эмчийг 6 сарын турш үнэ төлбөргүйгээр сургаж байна.

- Алтны уурхайн талаар та ямар бодолтой явдаг вэ?

- Манай аймгийн алт олборлолтын 20 жилийн түүх их эмгэнэлтэй. Алт олборлогч компаниудыг аймгаас хичнээн хориглосон ч гарчихдаг. Эцэст нь аймгаараа “тавлуулаад л” үлддэг. Энэ талаар дорвитой шийдвэр гаргах цаг болсон.

Саяхан Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Монгол Улсын хувьд эдийн засгийн хямралаас гарах нэг гарц бол алтны үйлдвэрлэл гэж үзэж байгаа юм байна. Алт ямар нэг дамжлагагүйгээр шууд мөнгө болдог байгалийн баялаг, мөн дэлхийн зах зээл дээр үнэ нь тогтвортой байдаг учраас алтны үйлдвэр эдийн засагт том нэмэр өгнө гэж үзсэн. Түүний дагуу хэд хэдэн журам гарч байгаа. Онцлог нь орон нутагт эрх мэдэл өгөхгүй юм шиг байна. Гэсэн ч тэдгээр журмыг тодорхой болсон хойно бид шийдвэр гаргаж ажиллана.

- Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд тань баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ