МУИС-ийн Завхан сургуулийн оюутнууд зайн хичээлд хамрагдах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-17 18:34:35

Монгол Улсын  Их Сургуулийн салбар Завхан сургууль зайн сургалтын төвтэй боллоо.

Энэхүү зайн сургалтын төв ашиглалтанд орсноор бакалавр болон магистрын хөтөлбөрт суралцагчдад зарим шаардлагатай хичээлийг онлайн хэлбэрээр суралцах боломж бүрджээ. Хөдөө орон нутагт байгаа салбар сургуулийн оюутнууд МУИС-ийн багш нар болон профессоруудын хичээлийг өөрсдөө сонгож заалгах, МУИС-иас зарим нэг шаардлагатай хичээлийг шууд сонсох, онлайн лекц уншуулах, хурал зөвлөлгөөн зэрэг олон төрөлт ажлуудыг шууд хийх боломжтой болжээ. Цаашид гадаад дотоодын хамтын ажиллагаатай их дээд сургууль, байгууллагатай хамтран онлайн нээлттэй хичээлийг явуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломж гарц нээгдлээ.

Дашрамд Завхан сургуульд баруун бүс нутгийн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудаас оюутнууд суралцдаг. Тус сургуульд 70 гаруй эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид ажиллаж, бизнесийн удирдлагын зургаан хөтөлбөр, электрон системийн автоматжуулалт хөтөлбөр, багш, англи хэлний боловсрол хөтөлбөр гэсэн бакалаврын найман хөтөлбөр, магистрын долоон хөтөлбөрөөр нийт 600 орчим оюутан бакалавр, магистрын түвшинд суралцаж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ