Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт эрдэмтдийн саналыг тусгахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аас өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон бусад холбогдох албаныханд хүргүүлсэн шаардлагын хариуг нэн даруй ирүүлэхийг дахин шаардав.
Тус ТББ-аас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-наас хойш хоёр удаа Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрийн өндөрлөгүүдэд 33 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн.
Тухайлбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаа агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд хийх, агаарын бохирдлын сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг нийтэд мэдээлэх, утааг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө 80 хувь бууруулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах, хүүхдийн өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг долоо хоног тутамд олон нийтэд хүргэх шаардлага тавьсан юм. Мөн нийслэлийн төрийн өмчит бүх цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч шүүлтүүр байрлуулахыг шаардсан байна. Гэвч төрийн өндөрлөгүүдээс хариу ирүүлээгүй байгаа юм.
“Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аас УИХ, НЗДТГ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Агаарын бохирдлыг бууруулах нийт 10 ажлын хэсгүүдийн хуралд тогтмол сууж, санал, хүсэлтээ тусгах хүсэлтийг холбогдох албаныханд хүргүүлсэн байна. Энэ дагуу УИХ-ын болон Үндэсний аюулгүй байдлын Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд суусан байна. Ажлын хэсгүүдээс боловсруулж буй хөтөлбөр өмнө нь хэрэгжүүлж байсан үр дүнгүй арга хэмжээнүүдийг дахин тусгасан, үр дүн, ач холбогдол багатай байгааг ТББ-ын төлөөлөгчид шүүмжлэв. Дээрх ажлын хэсгүүдийн боловсруулж буй төслийг олон нийтэд ил зарлаж, эрдэмтэн судлаачдыг хамруулсан хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж, санал, хүсэлтийг нь тусгах хэрэгтэй хэмээн ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү мэдээлэв.
Тэрбээр, “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч эрдэмтэн, судлаачдыг хамруулсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй. Төрийн албаныхан эдгээр хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох нь чухал. Энэ бүх шаардлагыг биелүүлэхгүй бол бид дахин жагсаал зохион байгуулна. Ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолойг төрийн өндөрлөгүүдэд хүргэх гол боломж нь жагсаал. Бидэнд үүнээс өөр тэмцэх арга алга” гэлээ.
АНУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн “Юнайтад Монголиа” ТББ-аас мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн байна. Тус ТББ-ын гишүүн Э.Ганзул, “АНУ-д нийт 25 мянган Монгол иргэн ажиллаж амьдардаг. Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Бид хэдий хол амьдарч байгаа ч эх орныхоо ирээдүйн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Манай ТББ-аас АНУ-д байгаа иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хандивын аян өрнүүлж байгаа. Хандиваа “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, дараагийн жагсаал болон бусад арга хэмжээнд нь зориулах юм” хэмээв.
Мөн “Юнайтад Монголиа” ТББ-ын гишүүн Д.Долгорсүрэн, “Бид Монголын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол авч байгаа. Утаа бол зөвхөн Улаанбаатарчуудын асуудал биш. Энэ хотод бидний ах дүү, хамаатан садан амьдарч байгаа тул хөдөө орон нутгаас эхлээд хилийн чанадад байгаа бүх Монголчуудын асуудал. Агаарын бохирдлыг бид нэг, хоёрхон жилийн дотор бүрэн арилгаж чадахгүй. Гэхдээ эх орны ирээдүй болох бяцхан хүүхдүүдээ эрүүл байлгах бүхий л боломжийг бүрдүүлэх нь чухал. Ханиад томуу хүрсэн хүүхдүүдийг эмчлэх дэлхийн стандартад нийцсэн нэг ч болтугай эмнэлэг барихыг төрийн өндөрлөгүүдээс хүсч байна” гэлээ.
Мэдээллийн төгсгөлд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын мэдээллийг дотооддоо төдийгүй Англи, Орос, Хятад, Япон хэлээр олон улсад түгээж, Мэдээллийн төвөө төлбөргүй ашиглуулж буй Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олонд талархал илэрхийлэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр