Гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн 9 дүүрэгт урьдчилсан сэргийлэх шалгалт явуулж байна гэж тус газрын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.
Шалгалтад одоогоор хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний 308 аж ахуй нэгж, худалдаа эрхлэгч хамрагдсанаас 265 зөрчил илрүүлж 147-ийг нь арилгуулжээ. Тодруулбал, Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 зах дээр БНХАУ, ОХУ-аас орж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан хатаасан жимс, мах махан бүтээгдэхүүн борлуулж байсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн иргэн Н.Од гэртээ хэвийн боов үйлдвэрлээд өөр компани нэрээр Гандангийн орчимд худалдаж байсныг илрүүлэн зөрчлийг арилгажээ.
НМХГ-ын Улсын ахлах байцаагч Ц.Цэрмаа, "Хүнсний хордлогоос сэргийлэх зорилгоор томоохон худалдааны төв, үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэх ажил үргэлжилж байна. Иргэд худалдан авах гэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошго, үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг сайтар шалгаж, баглаа боодолгүй бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх хэрэгтэй" гэв.
Тус газраас баярын өдрүүдэд шуурхай жижүүр гарган ажиллуулах бөгөөд иргэд санал гомдлоо 70128012 дугаарт мэдэгдэх боломжтой.
Б.Гаваа