ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгээс Засгийн газарт шаардлага хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэхийг эсэргүүцэж Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Энэ талаар ШУА-ийн үндэсний зөвлөлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв.
Тус байр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрладаг бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд Засгийн газрын 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэх шийдвэр гаргажээ.Үүнийг эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж ЗГХЭГ-т уг тогтоолыг хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн байна. Өмнөх Засгийн газраас уг шийдвэрийг цуцлах албан бичгийг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд ирүүлсэн боловч сонгуультай давхцсанаас болж шийдвэр цуцлагдаагүй хэвээр үлдсэн аж.
Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар Засгийн газрын 2016 оны 270 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын Тамгын газраас Боловсрол шинжлэх ухааны нийгмийн бодлогын байнгын хорооноос томилогдсон Ё.Баатарбилэг тэргүүтэй ажлын хэсгийн тайланг нийтэд ил болгохыг шаардлаа. Мөн БСШУС-ын сайдаас ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн 50 жилийн хугацаанд хуримтлагдсан Монгол орны геологи, палеонтологийн баялаг олдворуудыг байршуулах музей бариулах хөрөнгө зардлыг 2019 оны улсын төсөвт тусгуулах, Өмнөх Засгийн газрын 270 дугаар тогтоолоор ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оруулсан саналыг үндэслэл болгож гаргасаныг цуцлах, мөн С.Баярцогтын гадаадын оффшор дансанд нуусан валютыг УИХ, Засгийн газрын шийдвэрүүдээр нэн даруй хураан авч ШУА-ийн тэргүүлэгчдийн газар болон, харьяа хүрээлэнгүүдийн шинэ барилгуудыг бариулж эхлэхийг шаардав.
Тэд эдгээр шаардлагын хариуг энэ сарын 21-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нараас хүлээж авахаа мэдэгдлээ. Мөн шаардлагын хариуг ирүүлээгүй тохиолдолд Шинжлэх ухааны салбарын 2000 орчим судлаачдыг хамарсан жагсаал зохион байгуулахаас гадна Ж.Батсуурь сайдыг огцруулах шаардлагыг холбогдох газар хүргүүлэхээ мэдэгдэв.
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар ярихдаа, “45 эрдэмтэн судлаачдыг хаана шилжүүлэх шийдвэр гаргаагүй байж байрыг нь прокурорын байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан нь хамгийн учир битүүлэг эргэлзээтэй санагдаж байна. Шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд, судлаачдыг шоовдорлож байрыг булаах гэж байгаад бид бүхэн үнэхээр бухимдаж байна. МАН мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааны байгууллагад зарцуулах хөрөнгийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасныг нь харж сонголтоо хийсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед тав дахин нэмэхгүй юмаа гэхэд эрдэмтдийн ажлын байрыг бүдүүлгээр дээрэмдэхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Тиймээс өмнөх Засгийн газрын ийм харалган тогтоолыг эргэн харж цуцлахыг шаардаж байна” гэлээ.
Р.Хишигжаргал