“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл хэрэгжүүлж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБага насны хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Австралид төгсөгчдийн холбоо”, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг өнөөдрөөс нийслэлийн тавдугаар сургуульд хэрэгжүүлж эхэллээ.
Нийслэлийн тавдугаар сургуулийн ойр орчимд дөрвөн замын уулзвартай хэдий ч түүнийг зохицуулах гэрлэн дохио байдаггүй тул ослын эрсдэл өндөртэй бүс гэж үздэг байна. Тиймээс “Австралид төгсөгчдийн холбоо” тус сургуулийн ойр орчимд хоёр гэрлэн дохио, 62 метрийн урттай таван хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулах юм. Мөн энэ оны тавдугаар сарын 20 хүртэлх хугацаанд тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сургалт явуулахаар төлөвлөсөн байна. Үүнд нийт 40 сая төгрөг зарцуулах аж. Санхүүжилтийн 50 хувийг Австралийн Засгийн газар гаргах бол үлдсэн хэсгийг нь аж ахуйн нэгжүүдээс хандиваар цуглуулсэн гэдгийг “Австралид төгсөгчдийн холбоо”-ны гишүүн Ц.Эрдэнэчимэг хэллээ.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 87 хувь буюу 947 нь Улаанбаатар хотод гаржээ. Тиймээс нийслэлийн иргэдэд замын хөдөлгөөнд оролцох соёлыг түгээх, зөвлөмж, мэдээлэл хүргэх зорилгоор олон нийтийн цахим сүлжээ буюу Фейсбүүкт “Хурдаа хас! Хүүхэд” хуудас нээсэн байна.
Э.Энэрэл
Гэрэл зургийг Н.Батбаяр