Их газрын чулуунд ердийн хөсгөөр аялах маршруттай болно

ОРОН НУТАГТ | Дундговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:15:26

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын өвөрмөц тогтоцтой танилцах богино зайн аялалын маршрутыг тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа гаргаж, БОАЖ- ын яаманд хүргүүлжээ.

Хэрвээ энэ маршрут батлагдвал аялагчид Их газрын чулууны байгалийн цогцолборт газар ердийн хөсөг, мориор 19 км аялж, арав гаруй үзмэр үзэж сонирхдог болно.

Маршрутад “Загийн алим”, “Алтан өргөө” киноны зураг авалт хийж байсан Тоонотын агуй, Жанрайсэг бурханыг сийлсэн Хур харцагын таг, номч мэргэдийн олон жил бясалган суусан Ихрийн агуй, үр хүүхэд хайрладаг хэмээн нутгийн ардын сүсэлдэг Лянх хад, байгалийн өвөрмөц тогтоцыг түшиглэн байгуулсан Задгай театр, “Уяхан замбуутивийн наран” дуунд зориулан босгосон Гэрэлт хөшөө, цай идээний дээж өргөн, өрх гэрийнхээ гишүүдийн тоогоор чулуу нэмж адисладаг Өвгөн хад зэрэг сонирхол татахуйц газруудыг багтаасан байна.

Нутгийн иргэд бүлэг нөхөрлөл үүсгэн, аялагчдыг энэхүү маршрутаар хөтөлж, аялуулах боломжтой хэмээн төлөвлөж байгааг цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н. Гэрэлмаа хэллээ.

Энэ зун Их газрын чулууны цогцолборт газрыг 600 гаруй аялагч зорин ирсний 100 гаруй нь гадаадын иргэд байжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ