“Канад сан” 20 жилийн хугацаанд 447 төслийг дэмжиж санхүүжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Канад сан" Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 21 аймгийн 240 гаруй суманд 447 төсөл хөтөлбөрт 6 сая 600 мянга орчим канад долларын буцалтгүй тусламж үзүүлсэн хэмээн Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Э.Жэйгэр өнөөдөр Централ Тауэрт болсон ойн арга хэмжээний үеэр онцлов.
Мөн энэ үеэр 2016-2017 онд Улаанбаатар, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт хэрэгжих 11 төсөлд нийт 183 мянган канад долларын санхүүжилтыг олгох бөгөөд энэ удаагийн төсөлд Хавдар Судлалын үндэсний төвд эмчлүүлж буй өвчтөнүүдэд зориулсан номын сан байгуулах, нийгмийн эмзэг бүлэг болох Улаанчулуут дахь хогийн цэг орчимд амьдардаг эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох зорилготой оёдлын цех байгуулах, СХД-ийн гэр хорооллын айл өрхөд дулаан баригч бүтээгдэхүүн хандивлах, агаарын бохирдол, ядуурлыг бууруулах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг хүний эрхийг дээдлэх, нийгмийн хөгжлийг хангахад чиглэсэн төслүүд багтжээ.
"Канад сан"-гийн үйл ажиллагааны хүрээнд Орон нутгийн санаачилга хөтөлбөр Монгол Улсад 1997 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд Канадын ЭСЯ яам, "Канад сан"-гаас уг хөтөлбөрийг сонирхсон иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудад орон нутгийн хөтөлбөрт хэрхэн хамрах, төсөл яаж бичих талаар зөвлөв.
Энэхүү сан нь хөгжиж буй орны иргэдийн эдийн засаг, соёл, нийгмийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн техник, эдийн засаг, боловсрол, соёл урлаг болон нийгмийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд жил бүр тэтгэлэг олгодог. Энэ жилийн төсөл хөтөлбөрийн шалгаруулалт 6-9 сарын хугацаанд болно. Дөрвөн сараас нэг жилийн хугацаанд буюу богино хугацаанд хэрэгжих төслийг сонгон шалгаруулдаг хэмээн Канад улсын Элчин сайдын яамны Гадаад бодлого, дипломат албаны ажилтан С.Мөнхзул хэлж байв.
Тус улсын Засгийн газраас энэхүү төслийг дэлхийн хөгжиж буй 100 гаруй улсад хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хэрэгжиж буй уг төсөлд 260 гаруй мянган хүүхэд, 66 мянган эмэгтэй, 26 мянга гаруй өрх айл, 3300 гаруй залуу хамарчээ.
Р.Хишигжаргал