Хүүхдүүд тоглох наадах, ахмадууд нарлаж суух газартай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-14 14:31:04

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ахмадуудын ая тухатай байдлыг хангах үүднээс хоёр, гурав, дөрөвдүгээр багт сагсны талбай, тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжийг байрлуулах, тохижуулах ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.

Дээрх ажлыг Орон нутгийг  хөгжүүлэх сангийн  73.3 сая төгрөгөөр  “ТЭТҮ” ХХК хийж гүйцэтгэж энэ сарын 13-нд сумын удирдлага, ажил хариуцсан хүмүүст хүлээлгэн өгөв.

Хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Шанхай хотын улсын үйлдвэрээс авчирж суурилуулсан бөгөөд “Эко” гэдэг сертификаттай аж.

Дашрамд дурдахад “ТЭТҮ” ХХК нийтийн эзэмшлийн талбайд суурилуулсан тоног төхөөрөмжийн арчилгаа, эдэлгээнд гурван жилийн баталгаат хугацаа гаргаж хяналт тавьж, эвдэрсэн тохиолдолд засаж сэлбэх үүрэг хүлээжээ.

Тоглоомын талбай хүлээлгэн өгөх нээлтийн  үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын  Засаг даргын орлогч О.Ганбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ