Чадамжид суурилсан хөтөлбөр үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-14 13:50:57

Дорноговь аймгийн МСҮТ-ийн дэргэд Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр насанд хүрэгчдийн анги 10 сарын хугацаатай хичээллэдэг.

Насанд хүрэгчдийн чадамжид суурилсан энэхүү сургалтын хөтөлбөр нь орон нутагт зөөлөн оёдлын чиглэлээр жил бүр мэргэжлийн оёдолчин бэлтгэдэг төдийгүй төгсөгчид нь  ажлын хувцас болон үндэсний хувцсаар мэргэшиж 70-80 хувь нь ажлын байраар хангагддаг байна.

"Оёдлын дадлагын байр нь 2015 онд Хөдөлмөрийн яамны 60 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр сүүлийн үеийн оёдлын шулуун, хагас автомат, өндөр хурдны бүрэн автомат товч хаддаг, бөхөлгөө хийдэг машиныг суурилуулсан нь сургалт явуулахад ихээхэн дөхөмтэй болсон. Манай төгсөгчид хувиараа ажлын байр бий болгохоос гадна бүлэг, хоршоо болон хамтарч  хөнгөн оёдлын салбарт амжилттай ажиллаж байна" гэж  оёдлын багш Б.Эрдэнэзул ярив.

Нэг ээлжиндээ 15-20 хүн сургах хүчин чадалтай тус сургуулийг төгссөн хэсэг оёдолчин “Уран шаглаас” хэмээх бүлэг байгуулж Зүүнбаянд нефть олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен” ХХК-ийн ажилчдын  200 хос хувцсыг амжилттай урлаж хүлээлгэн өгчээ.

Суралцагчид захиалгаар хувцас урлахаас гадна тодорхой хэмжээний орлогыг сургуулийнхаа төсөвт төвлөрүүлдэг байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ