Гурван цэнхэр аялал жуучлалын “Таван од”цогцолбор болж хөгжинө

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2017-02-13 11:04:44

Ховд аймгийн  Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  Манхан сумын нутагт орших Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын “Таван од” цогцолбор болгох талаар тусгагдсан юм. Гурван сэнхэрийн агуйг цогцолбор болгох төслийн анхны хэлэлцүүлгийг талууд Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна.

Уг хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Монгол өв соёл холбооны тэргүүн Б.Үнэнбат, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор, профессор Х.Лхагвасүрэн, ШУА-ийн экологи газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний  ахлах ажилтан доктор Э.Авирмэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, Түүхийн ухааны доктор, профессор Б.Балжинням,  Монголын агуй судлалын холбооны тэргүүн, Зохиолч яруу найрагч Ж.Баяржаргал, Чингис хаан дээд сургуулийн багш, архитектурч, профессор Б.Адьяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ, Белон ХХК-нийн захирал Р.Баатархүү, "Монгол өв соёл" холбооны гишүүн Б.Өлзийсайхан, УИХ-ын гишүүн О.Батнасангийн ахлах зөвлөх Л.Бадамцэцэг, Манхан сумын дунд сургуулийн захирал, судлаач Ч.Энхтөр, Манхан сумын Засаг дарга асан С.Гантөмөр нарын төлөөлөл олон салбарын төлөөлөл оролцжээ.

Ховд аймагт аялал жуулчлалыг татах олон түүх,соёлын дурсгалт газрууд бий. Үүний нэгээхэн хэсэг болох Гурван цэнхэрийн агуйг хамгаалах, сэргээн засварлах,өвөг дээсээс бидэнд үлдээсэн хүн төрөлхтөний түүхэн хөгжил цаг хугацааны өөрчлөлтийг таниулсан бүтээл,амьд түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь чухал ач холбогдолтой гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзжээ.

Гурван цэнхэрийн агуй нь 40,0 мянган жилийн насжилттай болохыг судлаачид тогтоосон байдаг. Магадгүй дэлхийн хамгийн урт насжилттай агуйн нэг  байж болох юм гэж   үздэг.

Гурван цэнхэрт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн аялал жуучлалын томоохон цогцолборыг байгуулснаар бүс нутгийн эдийн засагт түлхэц болоод зогсохгүй, орон нутгийн иргэдийн амьдралд үр өгөөжээ өгч, 100 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид  үзэж байна.

Түүгээр үл барам олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, түүх, унаган байгаль, нүүдэлчдийн ахуйг түшиглэсэн хаана ч давтагдашгүй  аялал жуулчлал хөгжиж, дотоод, гадаадын жуулчдыг татах боломжтой гэнэ.

Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдлийн үеийн түүх,соёл, урлагийн голомт Гурван сэнхэрийн агуй нь Монголын есөн гайхамшигийн нэг. Уг агуйд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгалууд байдаг. Энэхүү түүхэн дурсгалаараа хүн төрөлхтний түүх соёлын хосгүй өв болон үнэлэгдсэн билээ. 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ