Дарьгангачуудын нүүдлийн томоохон уламжлалт соёлын нэг шавар зуух

Орон нутагт
odonchimeg@montsame.mn
2017-02-13 10:59:35

Нүүдэлчин Монголчууд тэр дундаа Дарьгангачууд эрт дээр үеэс шавар зуухыг өргөн дэлгэр ашиглаж ирсэн түүхтэй. Шавар зуух нь гадагшаа халдаггүй, бат бөх, барихад хялбархан гээд давуу тал ихтэй. Энэ бол Дарьганга  нүүдлийн томоохон уламжлалт соёлын нэг бөгөөд одоо ч шавар зуухыг ашигласаар байна.

Шавар зуухыг барихдаа чулуу багатай, ухахад зөөлөн газрыг сонгоно. / Үлээ нүхийг сонгож ч болдог./ Нүхээ ухаад шороонд байгаа чулууг түүж цэвэрлээд шороогоо ээзгийний шар сүүгээр зуурдаг. Шар сүүгээр зуурсанаар шавар нь бат бөх, барьцалдах чанар нь сайн болдог. Энэ бол шавар зуухны гол технологи гэж хэлж болно.  Зуурсан шороо нь аргуудуу байх ёстой. Учир нь хэтэрхий шингэн бол зуух барьж болдоггүй. Зуух барих газар ухсан нүх нь аргалаа хийж галаа түлэх буюу аргалын үнс бий болгох зориулалттай юм. Шороогоо зуураад  базлан ухсан нүхээ тойруулан зөвхөн хоёр гараараа хоёр талаас нь сайн базаж, дээд талыг нь хоёр эрхий хууруугаараа сайн дарж хурууны хэв ортол хэвлэж байгаа юм шиг тойруулан нэгэн хэвийн барина. Ойролцоогоор зуухны өндөр нь 40 см байна. Үүний дара хүхээгээ барина. Хүхээ гэдэг нь утаа гаргах хэсэг юм. Барьсан бөөрөнхий зуухнийхаа утаа гаргах талыг баримжаалаад утааны нүхийг маш цэвэрхэн бөөрөнхий болон дөрвөлжин хэлбэрийн аль нэгийг сонгон хутга болон иртэй зүйлээр  нойтон шавар зуухаа зүсэж нүх гаргана. Зүссэн нүхнийхээ харгалдаа дөрвөлжин болон дугуй хэлбэрээр хүхээгээ барина. Мөн хүхээний харгалдаа зуухний амыг гаргана. Өөрөөр хэлбэл гал түлдэг тал гэсэн үг. Энэ хоёр талыг гаргана гэдэг маань зуух еренхийдөө дуусаж байна гэсэн үг. Зуухны ам, хүхээгээ гаргаад зуухны их биеийг тойруулан нарийн төмөр утсаар, эсвэл тэмээний ээрсэн бөх утсаар тойруулан бүслүүрдэж  цэвэрхэн уяна. Энэ нь зуухыг нурахгүй улам бат бөх болгож байгаа хэрэг юм. Хамгийн сүүлд барьж дуусаад шар сүүгээр гадна талыг угааж өө сэвийг дарж цэвэрлэдэг. Ингээд зуух бэлэн болно. Бэлэн болсон зуухан дээрээ хамгийн түрүүнд цай чанах ёстой байдаг.

Мөн хаяагаараа яндангаа гадагш гарган, нэг хүхээгтэй хоёр ихэр зуух барих тохиолдол ч бий. Энэ нь зун сүү саалийн үед ажлаа түргэвчлэх бас нэгэн хялбар арга юм.

Шавар зуухыг барихад 30 орчим минут зарцуулдаг. Энэ зуух нь дулаан цагт гадагшаа халдаггүй халсан ч хурдан хөрдөг бөгөөд Дарьгангачууд ихэвчлэн шавар зуухыг зуны улиралд ашигладаг.

Нутаглаж байсан газраасаа нүүдэллэх болвол зуухаа нураан ухсан нүхэндээ шавраа хийж булан тулганыхаа ойр хавийг цэмцийтэл цэвэрлэн үлдээгээд, эргэн ирж нутаглана аа хэмээгээд сүү саалиа өргөөд явдаг уламжлалтай.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ