“Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын эхний ажил “Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙМУЗГ-ын “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, мах сүүний болон атрын 3-р аян, Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын хүрээнд тус аймгийн засаг даргын санаачилгаар “Архангайд үйлдвэрлэв” цагаан сар үзэсгэлэн худалдааг анх удаагаа зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилж, төмс, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, гар урлал, модон эдлэл, сур, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, үхрийн хөөврөн бүтээл зэрэг төрлүүдээр нийтдээ 65 бизнес эрхлэгч, ААН, иргэн, малчид 10 гаруй сумаас оролцож, нийт 37 сая 200 мянган төгрөгийн борлуулалт хийлээ.
Архангай аймгийн “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын эхний ажил болж буй энэхүү үзэсгэлэнг сар шинийн өмнө хийж байгаа нь иргэдэд сайшаагдаж байлаа. Архангайчуудын хувьд малчдын гар дээрээс хямд үнэтэй цагаан идээгээ, бизнес эрхлэгчдээс бараа бүтээгдэхүүн авч байгаа нь Улаанбаатарыг зорих хөдөлгөөнийг сааруулж, мөнгөө аймагтаа үлдээх нэг хэлбэр гэж үзэж байгаа ажээ.
МУЗГ-аас хэрэгжүүлж байгаа мах сүүний анхдугаар аянд Архангай аймаг хамрагдах боломжтой аймгуудын нэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд мал сүргийнхээ тоо толгойгоор тэргүүлдэг, нөгөө талаар цагаан идээний гол үйлдвэрлэгч аймаг юм. Ийм ч учраас Архангай аймагтаа үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч, иргэн бүрийг дэмжих ажлууд шат дараатай ийнхүү хийгдэж байна.
Б.Гэрэлэт-Од