Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 19 хувьд нь элэгний С вирус илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-12 21:55:16

“Элэгний эмгэггүй Архангай” төсөл хэрэгжиж байна. Төсөлд Архангай аймгийн 40-65 насны иргэд хамрагдаж, элэгний С вирусийн шинжилгээ өгч дуусчээ. Зорилтот насны 21700 хүн хамрагдахаар судалгаа гарч, хонины цэцэг өвчин гарсан Өгийнуур сумаас бусад сумдын 17035 хүн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан байна.

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 3185-д нь буюу 19 орчим хувьд нь С вирусийн халдвар илрээд байна. Харин Өгийнуур сумын иргэдийн шинжилгээ хийгдэхээр энэ тоо өснө гэж байна.

Сум бүрээс С вирусийн эхний шинж тэмдэг илэрсэн 50 хүн ирж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг хийлгэж эхэллээ. Эдгээр хүмүүс С вирусийн ачаалал тоолуулах шинжилгээний сорьцийг өгч байгаа юм. Мөн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмнэлзүйн шинжилгээнүүдийг давхар хийлгэж байна. 

Эхний ээлжийн 500 хүний сорьц шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлсэн байна. Эдгээр хүмүүсийн сорьцийг буюу илэрсэн вирусийг тоолуулахад 10-14 хоног шаардагдах юм байна.  ХӨСҮТ-өөс ирсэн хариунаас хамаарч, вирусийн идэвхжил өндөртэй хүмүүст Харвоны эмийг 2-р сарын 22-ноос уулгаж эхлэхээр болжээ. Анхан шатны шинжилгээгээр С вирусийн халдвартай гарсан хүн бүрт Харвоны эмийг олгохгүй юм байна. Зорилтот насны иргэдийн дунд С вирусийн халдвар хүлээж байсан үр дүнгээс өндөр гарч байгаа учраас зөвхөн идэвхжил өндөртэй хүмүүст эмийг уулгахаар болжээ.

“Элэгний эмгэггүй Архангай” төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачлан эхлүүлсэн юм. Төслийн үр дүнгээс хамааран улсын хэмжээнд загвар болгох зорилготой энэ төслийг АНУ-ын Гилиад Сайнс компани дэмжиж, Харвони эмийг үнэгүй олгохоор болсон юм. Мөн Монгол Улсын Засгийн газар дэмжиж, хандиваар ирж байгаа тул эмийн татварыг хөнгөлжээ. Эхний ээлжийн 1000 хүнд уулгах эм Монголд ирсэн байна. Энэ нь манайд байгаа зах зээлийн үнээрээ 900.000$ буюу 2 тэрбум 300 гаруй сая төгрөгийн өртөгтэй ажээ.

О.Амарзаяа

Холбоотой мэдээ