А.Цогцэцэг: Гадаадад эмчлүүлдэг 7 өвчнийг энэ онд эх орондоо эмчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэлдээ, “Эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай болгох, иргэдийн хүлээлтийг бууруулах хүрээнд томоохон 5 эмнэлгийг хоёр ээлжээр ажиллуулж байна. Мөн гемодиализын аппаратад иргэдийг үнэ төлбөргүй оруулдаг болох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүллээ. Одоогийн байдлаар долоон аймаг, зургаан дүүрэгт 35 гемодиализын аппарат нэмж суурилуулсан.
Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд яам нэгдүгээрт тавьж ажиллаж байна.
Анх ажлаа хүлээж авахад эхийн эндэгдэл 61.3 хувьтай байсан. Одоо 48 хувьтай болж буурсан. 2017 онд 25 хувь хүргэж бууруулна.
Ялангуяа энэ хүрээнд алслагдсан аймгуудын түргэн тусламжийн машины парк шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж, парк шинэчлэлийг 70 хувиар шинэчлэх гэж байна. Эх хүүхдийн эндэгдэл яагаад ийм өндөр үзүүлэлттэй болов гэдэгт дүн шинжилгээ хийсэн. Тиймээс эхийн эндэгдэл хамгийн өндөртэй аймгуудад ЭХЭМҮТ-ийн эмч нар очиж сургалт зохион байгууллаа. Түүнчлэн Эрүүл мэндийн яам өглөө бүр эх, нярайн эндэгдлээр статистик мэдээ авч, хариуцлага тооцож байна.
Томуу, томуу төст өвчний асуудлаар Засгийн газрын хуралдаанд хоёр удаа асуудал оруулж, шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асарсан тохиолдолд цалинтай чөлөө олгодог болсон. Мөн 0-5 насны хүүхдэд өгөх эмэнд 100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Томуу өвчний дэгдэлт бууруулах хүрээнд Улсын клиникийн 2 дугаар эмнэлэгт 30 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор нэмсэн. Амаржих газрын хүрээг өргөтгөх үүднээс Амгалан амаржих газарт 50 ор нэмлээ.
Үүний зэрэгцээ гадаадад явж эмчлүүлдэг 7 оношийг Монгол Улсад 2017 онд эмчлэхээр болж, технологийн шинэчлэл хийгээд явж байна.
Бүх эмнэлгийн барилгуудын насжилтын судалгаа хийхэд 1950-1960 онд баригдсан барилга 45 хувьтай байсан. Иймд хаана аль аймаг, сум, дүүрэг эмнэлгийн барилга шаардлагатай гэдгээ тодорхойлсоны үндсэн дээр хоёр аймагт нэгдсэн эмнэлэг барихаар болсон. Үүний зэрэгцээ 6 аймагт сумын эмнэлэг, Улаанбаатарт хоёр дүүрэгт 4 өрхийн эмнэлэг барих гэж байна. Сонгинохайрхан дүүрэгт нэгдсэн жишиг эмнэлэг байгуулна.
Эм эмнэлгийн хэрэгслийн хүрээнд хепатитын С вирусын 5 эмийг улсын бүртгэлд хамруулж, эм тус бүрийг 210 мянгаар, нэг курс эмчилгээнээс 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна. Олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар 3000 ширхэг эмийг Архангай аймгийн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болоод байна.
Эрүүл мэндийн салбарыг 16 тэрбум төгрөгийн өртэй хүлээж авсан. Энэ бол 4-5 Засгийн газар дамжсан өр байсан. Энэ өрийг дотоодын нөөц боломжийг ашиглан 2016 онд тэглэсэн. Ингэхээр бид 2017 онд өрийн дарамтгүй ажиллах нь" гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд үг хэлсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс 6 сарын хугацаанд багагүй ажил хийснийг тэмдэглээд энэ хугацаанд том үр дүн нэхэх боломжгүй тул цаашид сайн ажиллахыг захив. Эрүүл мэндийн сайдын хувьд цаашид хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах чигтэй байгаагаа хэлсний зэрэгцээ эрүүл мэндийн ажилтан ажиллагсдын цалин хөлсийг нэмэх шаардлага өнөөгийн түвшинд үүсээд байгаа тул энэ тал дээр дэмжлэг хүсч байгаагаа илэрхийллээ.
Б.Туул