Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-т нийт 58 хүүхэд харагч сургалтад хамрагдаж эрхээ авснаас одоо 19 нь үйл ажиллагаа эрхэлж байна. Тэд чадавхжих сургалтад өчигдөр хамрагдаж, 2017 онд үйл ажиллагаа явуулах нэгдсэн бодлого, чиглэлтэй боллоо.
Аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан сургалт хэлэлцүүлгийн үр дүнд сумдын хүүхэд харагч нартай хамтран ажиллах гэрээг байгуулж, эдгээр төвүүд Хүүхдийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөртэй, өдрийн дэглэмтэй, цагийн хуваарьтай, хоолны цэстэй болсон юм.
Архангай аймгийн 9 суманд 19 хүүхэд харагч ажилладаг. Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Эрдэнэбулган, Өлзийт, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумдад хүүхэд харах үйлчилгээнд 95 хүүхэд хамрагдаж байна. Тэдний 5 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа юм. Хүүхэд тутмаас 60 мянгаас доош төлбөр авахыг Хүүхэд харах үйлчилгээний хуульд заасан байдаг. Сумдын хүүхэд харах үйлчилгээний төв нэг хүүхдээс 20-30 мянган төгрөгийн төлбөр авч байна. Энэ төвүүдэд тоглоомын талбай, хүүхдүүдийг салхилуулах орчныг тохижуулах шаардлага байгаа юм байна. Харин төрөөс авдаг санхүүжилт нь тохижилтын ажилд хүрэлцдэггүй гэж байна. Мөн эцэг эхчүүдээс 0-2 насны хүүхдийг харуулах саналыг ч тавьдаг байна.
Хүүхэд харагч нарын хувьд сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны мэдлэг дутмаг, мөн санхүүгийн тайлан гаргах чадваргүй зэрэг асуудал тулгарч байна. Тиймээс энэ төрлийн сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа юм.
Аймгийн ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Орхонтуул: Энэ онд хүүхэд харагчийг дахин бэлтгэхгүй. Харин өмнө нь бэлтгэгдсэн хүмүүст цаашид үйл ажиллагаа явуулах боломжийг олгоно. Цаашид хүүхэд харагч нартай хамтраад эцэг эхчүүд рүү, хүүхдийн аюулгүй байдал руу чиглэсэн арга хэмжээг авч ажиллана гэв.
О.Амарзаяа