Д.Оюунхорол: Хятадын жуулчдыг визгүй зорчуулах асуудлаар ямар ч яриа гараагүй, ташаа мэдээлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-06 13:05:47

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНХАУ-ын жуулчдыг хилээр визгүй нэвтрүүлнэ гэсэн ташаа мэдээлэлд тайлбар хийв.

Монгол Улсын аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар, БОАЖЯ ямар шийдвэр гаргах вэ, сүүлийн 25 жилд аялал жуулчлалын салбар хэрхэн хөгжиж ирсэн бэ гэдгийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлсэн. Мөн Төрөөс ямар бодлого, шийдвэр гаргавал аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж, эдийн засагт орлого олдог болох вэ гэдгийг хэлэлцсэн хэмээн мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, "Монголын аялал, жуулчлалын салбарт 54 мянган хүн ажиллаж байна. Улирлын чанартай буюу зуны сард л орлого олдог. 2016 онд Монгол Улсад 404 мянган жуулчин ирж, 312 сая ам.долларын орлого оруулсан. Аялал жуулчлалын энэхүү орлогын өгөөж нь олон хүнд жигд тарж очдог онцлогтой. Тиймээс аялал жуулчлалын салбарын “утаагүй үйлдвэрлэл” гэж нэрлэж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад хамгийн бодитой хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг. 1990 оноос хойш аялал, жуулчлалын салбар нь нэгдсэн бодлоготой хөгжиж чадсангүй. Зөвхөн хувийн хэвшлийн нуруун дээр хөгжлийн гол үйл явц нь өрнөж байна. Монголын аялал жуулчлал 400-500 мянган жуулчнаас хэтэрдэггүй вэ гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Бид ганц уул уурхайн салбараас л орлого олдог "хүрэн эдийн засагтай" байх уу, эдийн засгаа солонгоруулах уу гэдэг чухал асуудал. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь эдийн засгаа солонгоруулах гол боломж гэж үзэж байгаа. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын судалгаагаар 2015 онд дэлхий нийтээр 1.3 тэрбум хүн аялажээ.

Үүнээс 120 сая нь БНХАУ-ын иргэн байсан бөгөөд аялахдаа нийт 125 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Түүнчлэн саяхан болсон БНХАУ-ын цагаан сарын үеэр 600 мянган иргэн нь гадагшаа явсан гэсэн судалгаа бий. Гэвч Монголд ирэх Хятад жуулчдын тоо буурсаар байна. Тиймээс аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ямар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар манай яам бодлого, хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа.

Эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудлыг ярьсан гол шалтгаан нь “хүрэн эдийн засаг”-аас татгалзах, ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ бүрэн бүтэн өвлүүлэх юм. Уулын толгой бүрээ ухаад, мал нь бэлчих газаргүй, хүн нь уух усгүй болчих вий гэх зовинол Монгол төрийн анхаарлын төвд байх ёстой. Бид гол горхи бохирдож байна гэдэг асуудлыг олон нийтийн сүлжээгээр ярьдаг. Гэхдээ хэн, ямар бодлого гаргаж, хэрэгжүүлэх вэ гэдэг талаар огт ярьдаггүй. Төр гол, ус бохирдуулсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас эхлээд олон шийдвэр гаргадаг. Тухайлбал, Орхон голын орчимд үйл ажиллагаа явуулж буй 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Одоо дахиад л алтны сезон, уул уурхайн улирал эхэлнэ. Энэ үед гол, горхийг бохирдуулсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг ч зогсооно. Үүний оронд эдийн засгаа тэлэх боломж нь аялал жуулчлал. Энэ бол бидэнд орох хамгийн том орлого. Жуулчид ирэхгүй байгаа нь гурван шалтгаантай.

Нэгдүгээрт, Монгол Улсын визний нөхцөл хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, интернэтээр виз авч болдоггүй. Заавал Элчин сайдын яам, Консулын газарт хандах шаардлага гардаг.

Хоёрдугаарт, манай агаарын тээврийн үнэ өндөр. Өөрөөр хэлбэл, иргэний агаарын тээврийн үйлчилгээ зах зээлийн эрэлт, хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа. Тиймээс үүнийг зохицуулах шаардлагатай.

Гуравдугаарт, жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл цөөн. Монгол орныг зорин ирж буй жуулчдад төрөл бүрийн үзэх, харах зүйл хомс. Тийм учраас Засгийн газраас ирэх жилүүдэдд гурван газарт онцгой анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлнэ.

Улаанбаатарыг аялал, жуулчлалын “үүд” хот болгож хөгжүүлнэ.

Хөвсөл далай орчмын байгалийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой шийдвэр гаргах шаардлагтай байна. Тухайн газарт автозам дутуу барьсан, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зэргээс үүдэн Монголын аялал жуулчлалын салбарын нэр хүнд унаж байна. Зөвшөөрөлгүй 10 гэр, модон бие засах газар барьсан 34 аж ахуйн нэгж байна. Үүнийг цэгцэлж, илүү өндөр, чанга стандарт тавина. Хэнтий аймаг руу аялал жуулчлалын бүс бий болгоно. Өнөөдөр Эзэн Чингис хааныг Дэлхий нийтээрээ ярьдаг. Мөн Чингис хаан хаана төрсөн бэ, ямар газар өссөн бэ гэдгийг очиж үзэх хүсэлтэй байдаг. Гэвч төрсөн газарт нь үзэх сонирхолтой зүйл юу ч байхгүй. Тиймээс тус нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр Засгийн газарт санал хүргүүлээд байгаа" гэлээ

-Хятадын жуулчдыг визгүй оруулах яриа гарах болсон. Гадаад харилцааны сайд таныг буруу ойлгосон байна гэсэн тайлбар хийж байсан?

-Хил орчмын аялал жуучлалыг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг аймаг, орон нутгийн удирдлагууд санал болгосон. Дорнодын хилээр орж ирээд тус аймгийг  үзэх жуулчид Улаанбаатарт ирж виз авдаг. Тийм учраас бүлэг жуулчдыг орж ирэхэд нь визний хөнгөлөлт үзүүлэх талаар ГХЯ манай яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хөнгөлөлтөө яаж үзүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарч байна. Бүлэг жуулчин гэдэг аялал жуучлалын мэргэжлийн байгууллагаар дамжин, нарийн зохион байгуулалттай орж ирдэг хяналтын тогтолцоотой. Нөгөө талаас Монгол Улсад Хятадын иргэнийг визгүй зорчих асуудлаар ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй. Ингэж Монголчуудыг талцуулах хуваах асуудлыг мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь буруу үйлдэл. Үүнийг олон нийт ч, хууль хяналтын байгууллага ч анхааралтай харж байгаа байх.

-Жуулчдад зориулсан  бүтээгдэхүүний нэр төрлийг яаж нэмэх вэ?

-Хил орчмын  чиглэлээр орж ирсэн жуулчид тухайн орон нутгийн халуун рашааны газар амраад, аймгийн төвийн хэдэн дэлгүүрээр нь ороод буцдаг. Энэ бол дэлхийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг төрөл. Одоо Дорнод, Замын Үүдийнхэн энэ чиглэлийн аялал жуучлалаа хөгжүүлмээр байна. Бүлэг жуулчлалын визийг олгохгүй болсон нь жуулчдын тоог бууруулахад нөлөөлсөн.

үлэг жуулчин гэдэгт хэдэн хүнийг тооцож байна вэ?

-15-30 хүртэлх хүнийг бүлэг жуулчид гэж үздэг. Монголд нэвтэрсэн жуулчдын нэг нь л дутсан тохиолдолд нөгөө хүнээ олж ирэхээс нааш бүлэг жуулчдыг буцааж гаргахгүй. Ийм хатуу шалгууртай, шаардлагатай үйл ажиллагаа.

-Та олон нийтийн сүлжээнд гарсан гитар тоглож байгаа зурагтаа тайлбар хийнэ үү. Албан өрөөндөө иймэрхүү үйлдэл гаргах нь зөв үү?

-Би энэ зургийг гаргаж тавихад нь гайхаж байсан. Нэгдүгээрт, төрийн албан өрөө ерөөсөө биш. Би 20 жил Монголын төрд зүтгэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаагүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө байгуулсан сургууль дээрээ, охиныхоо өрөөнд ороод амсхийх зуур гитар тоглоход зураг авсан юм. Би битгий гээд гараараа зангах үед буулгасан байна билээ. Ямар хүн зураг авсан гэдгийг мэдэж байгаа.

Ядарсан үедээ ч юм уу, чөлөөт цагаараа би гитар тоглох дуртай. Улстөрч боллоо гээд гитараа хэзээ ч орхихгүй. Надад гитарын цуглуулга ч бий.

-Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцох талаар хууль, хяналтын байгууллагад хандах уу?

-Энэ асуудлаар олон хүн шүүмжилж, над руу заналхийлсэн мессеж илгээсэн. Заналхийлсэн асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Хэвлэл мэдээллийн салбар бол дөрөв дэх засаглал гэж ярьдаг. Энэ засаглалын нэр хүндийг унагааж, бусдын нэр төрд халдаж буй хувь хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

-Ховд, Говь-Алтай аймагт гарсан бөхөнгийн мялзан өвчний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-ОБЕГ, манай яам хамтарсан ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймагт яг одоо ажиллаж байна. Өнгөрсөн онд бөхөн 10-14 мянга гэж тоологдсон. Өвчин гарснаас хойш 3-4 мянга гаруй бөхөн хорогдсон гэсэн судалгаа гарсан. Олон улсын байгууллагын шинжээчид ирж ажиллаж байгаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ