Эдийн засгийн ач холбогдолтой зам тавихад анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, "Автозамтай холбоотой олон улсын ямар стандартыг нутагшуулж байна вэ. Ямар стандарт нь илүү тохирч байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, "Автозамын чанарыг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ хүрээнд стандартын шинэчлэлийг үе шаттай хийж байна. Замын чанар сайжирвал автозамын эдэлгээ уртсахын зэрэгцээ засвар үйлчилгээнд зарцуулдаг хөрөнгийг хэмнэх бололцоотой" гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Х.Баделхан, "Хуулийн төсөлд замыг таван ангилалд оруулж байгааг дэмжиж байна. Улсын чанартай замын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн О.Батнасан, "Уул уурхайн гадны хөрөнгө оруулалттай компани зам тавьбал хэний зам бэ. Энэ асуудлыг хуулинд их тодорхой тусгах ёстой шүү" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Замын баталгаат хугацааг нэг жил гэж заажээ. Энэ хэр зөв бэ. Замын өртөг хэдтэй байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний мөнгөөр зам тавив" гэсэн асуулт тавьсан. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үед замын баталгааны хугацаан дээр эргэж харах хэрэгтэй гэсэн асуудлыг гишүүдээс хэлсэн. Өнгөрсөн хугацаанд бондын 570 тэрбум төгрөгөөр авто зам тавьсан. Зам бүрийн өртөг харилцан адилгүй. Хэт өндөр зардлаар зам барьсан асуудал гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.
Ер нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт автозамын асуудлыг тусгайлан тусгаж оруулсан. Одоогийн байдлаар нийт 6 аймаг хар замаар холбогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, 500 гаруй км зам тавьбал бүх аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдох юм. Аймгууд руу зам тавихаас гадна хамгийн гол нь эдийн засгийн ач холбогдолтой замыг тавихад анхаарна" хэмээв.
Б.Туул