Үндэсний их баяр наадмаар байр эзэлсэн харваачдад зургаан төрлийн цол олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжив.
Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач цол олгохоор тусгасан байна. Мөн нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор тусгасан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний сур харвааг сонирхогч, түгээн дэлгэрүүлэгч нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Одоогийн харваад байгаа сумыг манж сум гэсэн асуудал бий. Тэгэхээр бид өмнөх түүхээ сэргээж, хуучин хэрэглэж байсан сумаа сэргээх хэрэгтэй” гэсэн санал хэлэв. Мөн Г.Мөнхцэцэг гишүүн, сур харвааны эмэгтэйчүүдийн төрлийн урамшууллыг нэмэх хэрэгтэй гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Ч.Ариунболд