Усан замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-03 10:47:34

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжив.

Усан замын тээврийн хэрэгслээр аялал жуулчлал хийх гадаад, дотоодын иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хирээр усанд хүний амь нас осолдох, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2014 онд 84, 2015 онд 94 хүн, 2016 онд 91 хүн амь эрсэджээ. Энэ нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хяналт хийх мэргэжилтэн, техникийн болон хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм. Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байцаагч хяналт тавьдаг. Гэвч МХЕГ-т нэг л байцаагч бий. Иймд усан замын тээврийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүн хүчний тоог нэмэгдүүлэх, гол, мөрөн, нуурын эрэгт усан замын эргийн хамгаалалтын нэгж байгуулах, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг шинэчилэн найруулсан хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.

УИХ-ын гишүүн Л.Болд, “Гадаадаас оруулж ирсэн хуучин зав авч ирэн гол, нуурыг ихээр бохирдуулдаг. Үүнд хяналт тавих асуудлыг тусгасан уу. Мөн завь барих жолоочийг хэрхэн бэлтгэж байна вэ” хэмээн тодруулав.

2009 оноос эхлэн ОХУ-ын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, Хөвсгөл далайд жил бүр сургалт явуулж байгаа хэмээн Ажлын хэсгээс хариулаад, “Өмнө нь хуучин завь оруулж ирэх асуудал байсан. Энэ асуудал одоо зогссон. Гаднаас хуучин завь оруулж ирэх асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй. Гэхдээ дагаж, мөрдөх журмаар нь зохицуулж болно” гэлээ.

Мөн байнгын хороон дарга Д.Тэрбишдагва, “Гадаадад Монгол Улсын төрийн далбааг ашиглаж буй усан онгоцууд хууль зөрчсөн тохиодол бий. Үүнээс үүдэн Монголын нэр хүнд унаж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ” хэмээн асуув. Энэ асуудлыг Далай ашиглах тухай хуулиар зохицуулна гэсэн хариулт өгөв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь дэмжиж, чуулганаар хэлэлцүүлэх боллоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ