Facebook-ийн ашиг 50.8 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-02 11:28:56

НЬЮ-ЙОРК. /TASS/. Өнгөрсөн оны 12-р сарын 31-нээр дуусгавар болсон санхүүгийн сүүлийн улирлын дүнгээр Facebook нийгмийн сүлжээний ашгийн хэмжээ 50.8 хувийн өсөлттэй гарч, 8,81 тэрбум долларт хүрчээ. Үүнийг лхагва гарагт нийтлэгдсэн компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.

Ийм их хэмжээний ашиг олсон нь 8,3-8,5 тэрбум доллароос хэтрэхгүй гэж үзэж байсан шинжээчдийн таамаглалаас давж байгаа юм. Өнгөрсөн улиралд компанийн цэвэр ашиг нэмэгдэн 3,57 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн цэвэр ашиг болох 1,56 тэрбум доллараас хавьгүй их байгаа юм.

Тодруулбал, ашгийн 84 хувь нь төрөл бүрийн форматаар гардаг Facebook-ийн гар утасны аппликейшний зар сурталчилгаанд ногдож байгаа аж. Жилийн өмнө энэ үзүүлэлт 80 хувь орчим байсан ба шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ онд тус нийгмийн сүлжээ гар утасны зар сурталчилгаанаас 29,7 тэрбум долларын ашиг олох боломжтой ажээ.

Facebook бол дэлхийн тэргүүлэх нийгмийн сүлжээнүүдийн нэг бөгөөд уг сүлжээг анх 2004 оны 2-р сарын 04-нд Марк Цукерберг Харвардын их сургуульд сурч байхдаа нэг курсийнхээ гурван залуутай хамтран байгуулж байжээ.

О. Барс

                                                                                                                               

 

Холбоотой мэдээ