Хэнтий хан уулын өндөрлөгийн нэрийг өөрчилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.
Улмаар Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн талуудын бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаас энэхүү газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг албан ёсоор хүлээн авсан юм.
Хан Хэнтийн нуруунд орших Дэлхийн өвд нэр дэвшигдэн “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэгдэн, батлагдсан энэхүү газар нутаг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршдог Хэнтий хан уул болно.
Иймд Монгол Улс Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /B=48º45’43.3844, L=109º00’36.1315/ солбицолд байгаа д.т.д. 2361,5 м-т орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэрээр буюу Бурхан халдун уул болгож өөрчлөх үүднээс УИХ эл тогтоолын төслийг хэлэлцэж буй.
Өнгөрсөн долоо хоногт эл асуудлыг чуулганы хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдийн зүгээс уулын нэрийг өөрчлөх гэж байгаа юм шиг томьёоллоор тогтоолын төслөө оруулж ирснийг цаашид анхаарч ажиллахыг захисан.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ын Хэнтий Хаан уул, Hetii Haan uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэснийг Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэж өөрчилсүгэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгав. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.
Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийнэ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ