Сумын төвийн иргэдийг орон сууцжуулах “Жишиг сууц” төслийг танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-31 12:44:29

Хэнтий аймгийн сумдын Засаг дарга нарын нэгдсэн зөвлөлгөөн өнөөдөр Чингис хотноо эхэллээ. Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бүх сумдын Засаг дарга нар, тосгодын захирагчид, аймгийн ЗДТГ-ын дэргэдэх агентлаг хэлтсүүд, төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Тус арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдийн чиг үүргийн болон 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга, мал өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, боловсрол, соёл, урлагийн салбарын хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, статистик мэдээнд анхаарах зарим асуудлууд, хөдөлмөр, халамж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх асуудлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан зөвлөлдөх юм. Мөн аймгийн Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн алба,  Худалдан авах ажиллагаа, Санхүүгийн хяналт, дотоод аудит, Хэрлэн голын сав газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийхээр төлөвлөгджээ. Түүнчлэн Монгол Улсын шадар сайдын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр сумын төвийн ард иргэдийг орон сууцжуулах “Жишиг сууц” төслийг танилцуулах юм байна. Төгсгөлд нь аймгийн Цагдаагийн газартай гурвалсан гэрээ байгуулж, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын 2016 оны үйл ажиллагааг дүгнэж шагнал гардуулах аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ