Согтуу иргэдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмнэлгийн халдвар эсрэг хяналтын дэглэмийг алдагдуулдаг аж. Агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл, эрх зүйн орчин эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа юм. Тиймээс эрүүлжүүлэх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Хуулийн төсөлд согтуу иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх асуудалд эрүүл мэндийн салбар хариуцсан төрийн дээд байгууллага мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө гэсэн заалт оруулсан байна. Гэтэл энэ хуулийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ. Энэ нь ажил үүргийн давхардал бий болгож байна. Эрүүлжүүлэх байранд хүн эндэх тохиолдолд ХЗДХЯ, ЭМСЯ харилцан бие бие рүүгээ буруугаа чихээд хариуцлага хүлээхгүй өнгөрөх юм биш үү” хэмээж, уг заалтыг хасах санал гаргасан. Ажлын хэсгийн зүгээс “Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүн бол цагдаагийн алба хаагч байна. Тухайн алба хаагчийг мэргэшүүлэхэд ЭМСЯ-ны зүгээс анхаарал хандуулах юм” гэсэн тайлбар өглөө. Ийнхүү Ц.Нямдорж гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулсан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төсөлд "Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд сэтгэцийн өвчтөнтэй ижил номхотгох арга хэмжээ авна гэж заалт оруулсан байна. Энэ заалт хүний эрхэнд халдсан юм биш үү” хэмээн тодруулав. Ажлын хэсэг хариуд нь "Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг агсам тавьсан үед паартай холбож гавладаг. Энэ нь харин ч хүний эрхэнд бүдүүлгээр халдсан алхам болно. Тиймээс сэтгэцийн өвчтэй хүнийг номхотгох буюу хөнжилд нь өлгийдөх, хоёр гарынх нь хөдөлгөөнийг хорьсон цээжний цамц зэргийг өмсүүлэх арга хэмжээ авах юм” хэмээн хариулав. Ж.Ганбаатар гишүүн уг заалтыг хасах санал гаргасан ч мөн л олонхын дэмжлэг авч чадсангүй.
Үүний дараагаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй зургаан саналаар тус бүр санал хураалт явуулав. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь чуулганд танилцуулах болов.
Ч.Ариунболд