Канадын сүмд халдлага үйлдсэн этгээдийг шүүх хурал болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-31 11:07:24

ОТТАВА. /ВВС/. Канадын Квебек мужийн нэгэн сүмд лалын шашинтнууд мөргөл үйлдэж байх үед дайран орж, гал нээн зургаан хүний аминд хүрсэн канад оюутанд /франц хэлээр ярьдаг/ яллах дүгнэлт үйлджээ.

Александр Биссоннетт гэгчийг зургаан хүнийг хөнөөж, таван хүнийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байна.

Өнгөрсөн ням гарагийн орой болсон халдлагыг үйлдсэн 27 настай түүнийг шүүх хурал Квебек хотын шүүхэд болно.

Халдлагын үеэр амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн төлөө канадчууд залбирал үйлдсээр байна.

Ням гарагийн оройн 20:00 цагийн үед халдлага болох үед сүмд 50 гаруй хүн байжээ.

Халдлагын үеэр 19 хүн шархадсан бөгөөд тэдний тав нь эмнэлэгт хүргэгджээ. Хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Шархадсан хүмүүс бүгд эрэгтэйчүүд ажээ.

Мөн халдлагын дараа баривчлагдсан марокко залуу Мохамед Хадирыг “гэрч” гэж үзэж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, сэжигтэн Биссоннетт нь Лавалын их сургуульд улс төр болон антропологийн чиглэлээр суралцаж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын хэт барууны үзэлт Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен нарыг дэмждэгээ сэжигтэн нийгмийн сүлжээгээр илэрхийлж байсан хэт барууны үзэлтэй нэгэн аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ