Завханы нэг өрх жилд 39 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан судалгаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-31 03:23:42

Завхан аймгийн Статистикийн хэлтсээс жил бүр салбар бүрт тооцоо судалгаа хийдэг.

Тэгвэл өнгөрсөн жил хөдөө аж ахуйн салбарт сонирхолтой судалгаануудыг хийж олон нийтэд мэдээлэв.  Тухайлбал Завхан аймагт оны эхний нийт малын 27.8 хувьтай тэнцэх 803.8 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малын хэрэглээний зарлага өмнөх оноос 207.2 мянган толгойгоор буюу 34.7 хувиар өсчээ. Малтай нэг өрхөд дунджаар 66 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсаныг аймгийн нийт өрхөд харьцуулвал нэг өрх дунджаар 39 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Малчид хүнсний хэрэглээндээ таван хошуу малаас хонь, үхэр, ямааг их зарцуулдаг ажээ.

Жил ирэх тусам малчдын хэрэглээ нэмэгдэж байна

Завханы малчин өрхийн 94.4 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 86.0 хувь нь телевизортой байна.

Түүнчлэн нийт малчин өрхийн 84.4 хувь нь сансрын антентай, 59.2 хувь нь авто машинтай, 62.8 хувь нь мотоцикльтой байна. Автомашиныг маркаар нь авч үзвэл автомашинтай малчдын 43 хувь нь тэвштэй бага оврын ачааны машинтай бол 16 хувь нь суудлын жижиг болон JEEP маркийн автомашин хөлөглөж байна. Харин үүрэн телефоны утсыг газар нутгийн байрлалаас шалтгаалан тухайн үүрэн телефоны сүлжээ байгаа газар бүрт хэрэглэдэг. Нийт малчин өрхийн 97 хувь нь нэг өрхөд дунджаар хоёроос гурван гар утас хэрэглэдэг судалгаа гарчээ. Гар утсыг маркаар нь авч үзвэл малчдын 40 орчим хувь нь android буюу ухаалаг гар утастай, 10 орчим хувь нь товчтой авч явахад авсаархан, цэнэгээ удаан барьдаг энгийн гар утсыг хэрэглэдэг ажээ. Нийт малчин өрхийн хэрэглээнд 2010 оноос аккумлятор, нарны дэлгэцээр цэнэглэдэг угаалгын машин, хөргөгч, ухаалаг гар утас, зөөврийн компьютер нэмэгдсэн гэсэн сонирхолтой судалгааг гаргажээ.

Завханд хүн амын хүйсийн харьцаа тэнцвэржиж байна

Завхан аймаг жилийн эхэнд 69.8, жилийн эцэст 70.1 мянган хүн амтай болжээ.

Аймгийн нийт хүн ам 1993 он буюу хамгийн их хүн амтай байсан үетэй харьцуулахад 32.6 мянгаар буюу 31.7 хувиар буурсан нь зах зээлээс алслагдмал учир хүн амын шилжилт хөдөлгөөн нөлөөлсөн гэж үзэж байна. Завхан аймгийн эрэгтэй хүн амын тоо 34936, эмэгтэй хүн амын тоо 34980 байна. Энэ нь  2010 онд нийт хүн амын хүйсийн харьцаа 97.8 хувьтай байсан бол өнгөрсөн онд 99.9 хувьтай болж хүйсийн харьцаа тэнцвэржиж байна. Яруу, Эрдэнэхайрхан, Отгон, Нөмрөг, Баянхайрхан, Идэр, Сонгино, Алдархаан, Дөрвөлжин, Сантмаргац, Тэс, Тэлмэн, Их-уул, Асгат, Ургамал, Цагаанхайрхан сумдад 0.3-8.0 хувиар эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байна. Харин Шилүүстэй, Улиастай, Завханмандал, Цэцэн-уул, Түдэвтэй, Баянтэс, Тосонцэнгэл, Цагаанчулуут сумдад эрэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр гарчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ