Завханы театр "Хүн гөрөөс" жүжгийг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-31 01:49:45

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын энэ оны анхны драмын жүжиг хоёрдугаар сарын 6-ны өдөр тавигдана.

Завхан аймгийн Идэр сумын харьяат зохиолч асан П.Баярсайханы "Хүн гөрөөс" жүжгийг  залуу найруулагч Т.Амар-Амгалангийн найруулгаар анх удаа тайзнаа тавих гэж байна. Тус жүжигт ердөө хоёр хүн тоглох бөгөөд гол дүрийн Оюунмаад залуу жүжигчин С.Сувдмаа, эрэгтэй гол дүр Дэлэгт залуу жүжигчин А.Цэрэнбалжир нар тоглох ажээ.

Эрэгтэй, эмэгтэй хоёр дүрээр амьдралын арга билэг, хүмүүний харьцаа хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг харуулсан жүжгийг нэг л удаа  тоглох юм байна. Энэ уран бүтээл нь хүний дотор яг юу хадгалагдаж нуугдаж явдаг вэ? Аймшгт зүйл хадгалагдаж байгаа бол яг хэзээ илрэх вэ, эцсийн дүнд “Хүн” гэж хэн бэ?  Хүн бүгдийг үгүй хийдэг дийлдэг ч эцэстээ хүмүүс зөвхөн бие биенээ л гөрөөлдөг. Өнөөдөр “Хүн”, “Бид” бие биенийхээ сэтгэлрүү нүүх цаг нь иржээ гэдгийг илэрхийлж агуулсан сонирхолтой жүжиг ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ