Дүрвэгсэд Словенийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-18 13:52:50

ЛЮБЛЯНА. /ВВС/. Унгар Хорваттай залгаа хилээ хаасны улмаас хэдэн мянган цагаач, дүрвэгч Словенийг зорьж байна.

Бямба гарагт 2700 орчим цагаач, дүрвэгч Словенид ирсэн бөгөөд өнөөдөр энэ тоо нэмэгдэх төлөвтэй байна. Тэдний дийлэнх нь Австри, Герман болон бусад орон руу явах зорилготой ажээ.

Дүрвэгсдийн урсгалыг зохицуулж буй цагдаа нарын ажиллагаанд тусламж үзүүлэх зорилгоор Словенийн армийг бэлэн байдалд оруулсан гэж тус улсын Ерөнхий сайд Миро Церар мэдэгджээ.

Австри, Герман хилээ хэр удаан нээлттэй байлгана тэр чинээгээр Словени дүрвэгсдийг хүлээн авах болно гэж тэрбээр мэдэгджээ.

ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр дүрвэгсдийн урсгалыг намжаах төлөвлөгөөг тус холбооны удирдлагууд баталж чадаагүйн улмаас Хорваттай залгаа хилээ хаасан гэж Унгар баасан гарагт мэдэгдэв.

Өнгөрсөн сард Унгар мөн Сербитэй залгаа хилээ хаасан байна. Энэ нь Баруун Европ руу хүрэх бас нэгэн маршрут байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ