Дуудлагаар худалдах хөрөнгийн 50 хувь нь борложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-27 12:12:17

Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас 10 нэр төрлийн хөрөнгийн дуудлага худалдааг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулсан байна.

Дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн хөрөнгөөс Цагдаагийн газрын Соната-2 маркийн автомашин, Хот тохижилт, үйлчилгээний газрын Хьюндэй фортер маркийн УВА 15-14 улсын дугаартай автомашин, аймгийн ЗДТГ-ын хоёр ширхэг баяд эмээл, Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвийн садны хашааны дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй байна. Харин Цагдаагийн газрын УАЗ-31512 маркийн УВА 10-02 улсын дугаартай автомашины дуудлага худалдаанд нэг иргэн бүртгүүлсэн тул хүчингүйд тооцжээ. Үлдсэн таван ширхэг хөрөнгийн дуудлага худалдаа амжилттай болжээ. Тухайлбал, Тариалан сумын ЭМТөвийн УАЗ–31512 маркийн УВА 04-45 улсын дугаартай суудлын автомашины дуудлага худалдаанд 3 иргэн бүртгүүлж, иргэн Ю.Балжинням 1,4 сая төгрөгийн үнийн саналаар, Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн УАЗ–31512 маркийн УВА 93-53 улсын дугаартай автомашины дуудлага худалдаанд зургаан иргэн оролцож иргэн Э.Мөнхбат 500 мянган төгрөгийн үнийн саналаар, аймгийн Цагдаагийн газрын Верна-аксент маркийн УВА 06-00 улсын дугаартай автомашины дуудлага худалдаанд дөрвөн иргэн бүртгүүлж иргэн Н.Дагва 1,4 сая төгрөгийн үнийн саналаар худалдан авсан байна.

Түүнчлэн, аймгийн Цагдаагийн газрын Териос маркийн УВА 00-08 улсын дугаартай суудлын автомашины дуудлага худалдаанд хоёр иргэн оролцож иргэн П.Бат-Очир 1,1 сая төгрөгийн үнийн саналаар, Наранбулаг сумын ЗДТГ-ын садны хашааны дуудлага худалдаанд дөрвөн иргэн оролцож иргэн С.Баттулга 200 мянган төгрөгийн үнийн саналаар тус тус ялагч болсон байна.

ОНӨГазар энэхүү дуудлага худалдаагаар таван ширхэг, 2.9 сая төгрөгийн дуудах доод үнэ бүхий хөрөнгийн дуудлага худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулж нийтдээ 4.6 сая төгрөгийн орлогыг орон нутгийн орлогод төвлөрүүлжээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ