Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-26 21:47:45

/Багц мэдээ/

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын ЗГХЭГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ирж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтцийн төсөл”-ийг хэрэгжүүлэх урьдчилсан судалгааг хийж, бодит байдалтай газар дээр нь танилцаад буцсан байгаа. Дээрх ажлын хэсгийн үргэлжлэл болох Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт ирж ажиллалаа.

Дээрх ажлын ажлын хэсгийнхэнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцууллаа. Өнөөдөр тус боомт дээр Хилийн 0101-р анги, Гаалийн газар, Чөлөөт бүс, Гадаадын иргэн харъяатын газрын хойд бүс газар, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Ямартаа ч Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ирж хил, гаалийн удирдлагуудаас өнөөгийн бодит мэдээллийг нь сонсож, өөрсдийн нүдээр хил, гаалийн үйл ажилтай танилцаад буцлаа. Сэлэнгэ аймагт тун удахгүй орчин үеийн стандартад нийцсэн хилийн орчин бүрдэнэ гэдэгт Сэлэнгэчүүд итгэлтэй байна.

Ажлын хэсэгт ОУГЭЗГ-ын захирал А.Төмөр, ОУГЭЗГ-ын хилийн хэлтсийн дарга Д.Ганболд, Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, Ерөнхий консул Д.Чадраабал, ГХЭЗХАГ-ын зөвлөх Г.Өлзийсайхан, Консулын газрын зөвлөх Ч.Гантулга, Гааалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг, Боомтын хөгжлийн хэлтсийн дарга Ш.Болд-Эрдэнэ, БХБЯ-ны хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Гүнболд, БХБЯ-ны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Билэгжаргал, Консул Х.Лүндэнбазар, Консул Н.Жавхлантөгс нарын хүмүүс багтжээ.

ОХУ-ын иргэд боомтын хяналтын байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй гэлээ

Хилийн 0101-р ангийн захирагч хурандаа С.Энхсүх:”тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг боомтын орох, гарах чиглэлд ангилж өгөх. “Алтанбулаг” авто замын боомтын орох, гарах чиглэлд зорчигч, тээврийн хэрэгслийг 5 урсгалаар нэвтрүүлэх, “Алтанбулаг” авто зам болон “Сүхбаатар” төмөр замын боомтууд ОХУ-ын талтай утсан холбоогоор харьцдаг журмыг сэргээх. Түүнчлэн ОХУ-ын Гаалийн байцаагчийн тээврийн хэрэгслийн үзлэгийн хугацааг богиносгох. “Алтанбулаг-Хиагт” авто замын болон “Сүхбаатар-Наушик” төмөр замын боомтуудын хооронд харилцан туршлага солилцох, сорил шалгалт явуулдаг ажлыг сэргээх хэрэгтэй байгааг хэллээ. Түүнчлэн ОХУ-ын хууль хяналтын байгууллагын алба хаагч нар албаны дүрэмт хувцастайгаар улсын хилээр нэвтэрч, “Алтанбулаг” авто замын боомтын цогцолбор дотор Монгол улсын иргэдээс байцаалт авсан, Улсын хилээр нэвтэрч буй галт тэрэгний машинист нар хилчдийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй хилчдийн амь насанд эрсдэл учруулахад ойрхон байдлыг гаргадаг. Мөн Улсын хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэд манай улсад автомашины хурд хэтрүүлэн ан амьтан, мал дайрсан, Улсын хилээр нэвтэрч буй ОХУ-ын иргэд боомтын хяналтын байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, эсэргүүцэх, ачаа тээш болон автомашиндаа үзлэг шалгалт хийлгэдэггүй” зэрэг зөрчил дутагдал гардаг тул шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн танилцууллаа.

Нүүр таних камерын тоог нэмэх шаардлагатай аж

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга М.Дамдинхорол дээрх ажлын хэсгийнхэнд ажлаа танилцууллаа. Тэрээр:-“Цогцолборын талбайн гэрэлтүүлгийг солих. LED талбайн гэрэл болон гарах, орох чиглэлийн 00-ийн өрөөг нэмэгдүүлэх. Мөн зорчигчийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор хяналт шалгалтыг хөнгөвчлөх үүднээс зорчигчийн ачааг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцсэн рентген аппаратаар явуулж байх шаарлага урган гарч буйг онцлон хэллээ. Түүнчлэн боомтын хяналтын камеруудыг шинэчилж, нүүр таних камерын тоог нэмэх шаардлагатай байна гэлээ. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 24 цагийн тасралтгүй ажиллагаатай ганц боомт учир үйлчилгээний ажилчдын орон тоог нэмэгдүүлэх нь нэн түрүүн  шийдвэрлэх асуудлын нэг болоод байгаач онцлон танилцууллаа.

Чөлөөт бүсэд мод боловсруулах, модон эдлэлийн үйлдвэр байгуулах боломжтой аж

Алтанбулаг чөлөөт бүс Засгийн Газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор 2014 оны 6 дугаар сарын 22-нд байнгын үйл ажиллагаанд шилжсэн байгаа. Монгол улсын Засгийн газар давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 33 улстай, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах 2 талт хэлэлцээрийг 39 улстай байгуулжээ. “Алтанбулаг” Чөлөөт бүстэй хамгийн ойр Зүүн Сибирийн эдийн засгийн бүс, мужууд бол Эрхүү, Бүгд Найрамдах Буриад Улс. Эрхүү мужийн нийт газар нутгийн 80 хувь ой мод эзэлдэг бөгөөд 50 мянга орчим томоохон үйлдвэрүүд байдаг байна. Бүгд Найрамдах Буриад Улсын нийт газар нутгийн 83 хувь нь ой мод эзэлдэг. Энэ бүхнээс үүдэн чөлөөт бүсэд мод боловсруулах, модон эдлэлийн үйлдвэр байгуулах боломжтой гэж Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал хэллээ. Өнөөдрийн байдлаар “Алтанбулаг” чөлөөт бүсэд бүртгэлтэй 108 аж ахуй нэгж байдаг байна. Үүнээс 49 компанийн 6.2 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд барилга байгууламжаа барьсан 15, үйл ажиллагаагаа нь эхэлсэн 13бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн 34 ААН байгаа аж. Эдгээр компаниудаас 2016 онд 16 аж ахуйн нэгжээс 24.6 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Өнөөдөр чөлөөт бүсэд 13 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, давхардсан тоогоор 40 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа гэнэ. 2014-2016 онд 1.6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн бүсэд орсноос 2016 оны эхний 3-р улиралын байдлаар 0.9 сая.долларын бараа бүтээгдэхүүн борлуулагджээ.

Одоо Алтанбулаг чөлөөт бүсийн тухайд нэн түрүүнд Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн Газар хоорондын 20-р Комиссын Протоколд “Алтанбулаг” чөлөөт бүсээс орсон саналуудыг хэрэгжүүлэх. Мөн “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх. Цаашлаад ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, УИХ-аар батлуулах. Дэд бүтцийн үлдсэн ажлуудыг хийж дуусгах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал онцлон танилцууллаа.

Алтанбулаг боомтоор 77 орны 929.288 зорчигч нэвтэрчээ

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт 249.920 км2 газар нутаг, Алтанбулаг авто зам, Сүхбаатар төмөр замын олон улсын боомт, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Хөвсгөл аймгийн Ханх авто замын боомтыг хариуцан ажилладаг ажээ. Сүхбаатар боомтоор 2016 онд 83 орны 69.210 зорчигч нэвтэрсэн байна. Харин Алтанбулаг боомтоор 77 орны 929.288 зорчигч нэвтэрчээ. Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын шалган нэвтрүүлэх албаны дарга Р.Одмөнх:- “Байгууллагын эзэмшлийн 600 м2 газар дээр баригдах барилгын ажлыг нэн яаралтай эхлүүлэх. Мөн чөлөөт бүсэд ажиллах 4 албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн танилцууллаа.

Буцаасан бүтээгдэхүүнийг ОХУ-ын талаас хүлээж авдаггүй байна

Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, мод модон материалыг ариутгах үйл ажиллагааг хэрэгжүүлэн, ОХУ-аас хилээр орж байгаа бодис, бараа бүтээгдэхүүнд бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт болох нянгийн бохирдол, ургамлын гадаад хорио цээртэй хөнөөлт шавьж, хог ургамлын үр, хор судлалын сорилт шинжилгээг Монгол улсын Үндэсний болон олон улсын стандартчилагдсан арга аргачлалын дагуу гүйцэтгэж байна. Алтанбулаг дахь тус албаны лаборатори нь 2003 оны 5 сараас үйл ажиллагаагаа эхэлжээ. 2011, 2015 онуудад итгэмжлэлд хамрагдан нян судлал, хими, хор судлал, ургамал хорио цээрийн чиглэлээр 111 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж байгаа гэнэ.

Тус албаны зүгээс “Мал амьтныг хуульд заасан хугацаанд хорио цээрийн дэглэмд байлгах, үзлэг шинжилгээнд хамруулах зориулалт бүхий “Хорио цээрийн байгууламж”-ийг Алтанбулаг боомтод байгуулах. Хяналт, шалгалтаар өвчний шинж тэмдэг илэрсэн амьтан, гадаад хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, бүтээгдэхүүнийг хуульд заасан хугацаагаар, бичиг баримтын зөрчилтэй болон бичиг баримтгүй амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг экспортлогч орон руу нь буцаах ёстой байдаг. Гэтэл тус албаны буцаасан бүтээгдэхүүнийг ОХУ-ын талаас хүлээж авдаггүй байна. Иймээс энэ асуудлыг ОХУ-ын талд тавьж шийдвэрлүүлж өгөхийг Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Ю.Ариунболд хүслээ.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг дотооддоо алийг шийдвэрлэж, ОХУ-д ямар саналуудыг тавихаа ангилъя хэмээн хэллээ.

Энэхүү айлчлалын үр дүнд хойд хил дээрх тулгамдсан асуудлуудаас тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэнэ гэдэгт дээрх хил, хяналтын байгууллагууд итгэлтэй байна. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ