Өвлийн “Универсиад” XXYIII наадамд оролцох баг тамирчдыг үдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ“Бага олимп” хэмээх дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад XXYIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болов.
Казахстаны Алматы хотноо 2017 оны нэгдүгээр сарын 29-нөөс ирэх сарын 8-нд болох Монгол Улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд багтсан 10 тамирчнаа болон багш дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй 15 хүн Монголын багт оржээ.
Тухайлбал, цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн “Алтау” спортын цогцолборт хурд, хүч, ур чадвараа сорино. Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн төрөлд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдийн ангилалд А.Зул өрсөлдөх юм. Тус наадамд Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн ажиллана.
Энэхүү Универсиадад оролцох тамирчдаа үдэх ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Бүгд найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.И.Кобландин болон Монголын цана, тэшүүрийн холбооны удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын Төрийн далбааг гардуулан, баг тамирчиддаа амжилт хүслээ.
Д.Өлзий