Сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-23 22:07:22

Баянхонгор аймгийн сумдын Засаг дарга нартай Аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.

Нэг жилийн хугацаанд хүчинтэй байх уг гэрээнд аймгийн Засаг дарга сумын Засаг даргаас төсвийн санхүүжилтээр захиалж, гүйцэтгүүлэх арга хэмжээ болон сумын Засаг даргаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд тавих шаардлага, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх болзол, бусад нөхцлийг тусгажээ.

Гэрээний зорилго нь тухайн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргын гүйцэтгүүлэх ажлын ач холбогдол, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, гүйцэтгэх ажлын талаар аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын харилцан үүрэг хүлээх, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх замаар тус сумд төсвийн санхүүжилтээр үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байна.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал үр дүнгийн гэрээ байгуулсан сумдын Засаг дарга нарт ажлын амжилт хүсээд сумынхаа нийт иргэдийн аж амьдралыг сайжруулах, ажилтай орлоготой болгоход онцгой анхаарч ажиллахыг захив. Мөн тэрээр, "Та бүхэн сумандаа гэрээгээр хүлээсэн үүрэг, төрд өргөсөн тангарагийннхаа дагуу ажил үүргээ амжилттай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ нэг жилд төрийн туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа доод тал нь 20 өрхийн аж амьдралыг бодлогоор дэмжиж ажиллаарай. Хүн ардынхаа сайн сайхны төлөө, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хөлөө хүрэх газар явж, хийж болох бүхий л арга хэмжээг аваарай. Төрийн нэрийг төлөөлж суугаа та бидэнд муу байх, чадахгүй, мэдэхгүй гэж хойш суух эрх байхгүйг хатуу сануулж байна" хэмээн онцолж байв.  

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ