Цэвэрлэх байгууламжийн ажил энэ онд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 16:56:49

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд хотод барих  цэвэрлэх байгууламжийн  ажил  2017 онд эхэлнэ хэмээн албаны хүн мэдээлэв.

Цэвэрлэх байгууламжийг барихдаа зөвхөн Сайншанд хотын бус арын төмөр замын суурингийн бохирын асуудлыг хамтад нь шийдвэрлэхээр  төлөвлөжээ.

Одоогийн тооцооллоор  Сайншанд суманд 1200 шоо метр, арын төмөр замд 400 шоо метр бохир усыг өдөртөө цэвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа юм.

Гэтэл  шинээр барих цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь өдөрт 4200 метр куб бохир усыг цэвэрлэх боломжтой хэдий ч одоогоор ийм өндөр хүчин чадлаар ажиллах шаардлага Сайншандад  байхгүй тул 4200 метр куб хүчин чадлыг 3200 болгон бууруулж үүнээс гарах зөрүү хөрөнгөөр арын төмөр замын суурингийн бохирыг хоолойгоор дамжуулан цэвэрлэх байгууламжид холбох зардалд гүйлгэн суулгах саналыг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин холбогдох хүмүүст тавьж шийдвэрлүүлжээ.

Харин байгууламжийг барихдаа хүчин чадлыг  нь өргөжүүлэх бололцоотой байхаар барих нь зөв гэсэн байна.

Ингэснээр ар, өвөр Сайншанд нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болно. Цэвэрлэх байгууламжийг Сайншандаас баруун урагш төмөр замаас цааш нэлээд зайтай барихаар төлөвлөсөн. Байгууламжийн нийт өртөг нь  3.7 сая америк доллар гэнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ