Уул уурхайн тээврийн хэрэгслүүд Дорноговийн дугаартай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 15:54:17

Дорноговь аймгийн ЗДТГ-аас уул уурхайн компаниудад тээврийн хэрэгслээ Дорноговийн харьяалалд бүртгүүлэх, албан хаагчдаа Дорноговь аймгийн харьяалалд  шилжилт хөдөлгөөн хийлгэх тухай чиглэл барьж Замын-Үүдийн хил, гааль, Мэргэжлийн хяналтын газар зэрэг томоохон байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан бичгээр саналаа хүргүүлжээ.

"Дорноговийн газар нутгийг сүйтгэж л байгаа бол авто машины бүртгэлээ Дорноговьд хийлгэж, татвараа Дорноговьд төлөх ёстой гэсэн байр суурь бид баримталж байна. Авто машины дугаар хаанаа байна, тэндээ л татвараа төлдөг  хуультай. Бусад аймаг хотын иргэн Дорноговьд тээврээ хийж болно. Гагцхүү авто машиныхаа бүртгэлийг Дорноговь аймагт төлөх ёстой” гэж тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив.

Дашрамд дурдахад аймгийн ЗДТГ-аас иргэдэд тус аймгаас төрийн болон нийгмийн үйлчилгээг авч л байгаа бол харьяаллаа Дорноговь аймагт бүртгүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж эхэлжээ.

Нэг газар зургаан сараас дээш хугацаагаар оршин сууж байвал хуулийн дагуу тухайн баг, хороонд шилжүүлгээ хийлгэж, оршин суух үүрэгтэй. Улаанбаатарын харьялалтай боловч Дорноговь аймагт аж төрж өөрсдөө цалин авч, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулийн үйлчилгээнд хамруулж байна.

Адаглаад  л сургууль цэцэрлэгийн мөнгийг хүн амын хувьсах зардалд нь тооцож олгодог болохоор төрийн ажил үйлчилгээнд төдий чинээ дарамт болдог гэж албаны хүн хэлэв.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ