2016 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-16 19:26:12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей, Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг эрх бариг ч, сөрөг хүчин ч сайн мэдэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүд Засгийн газарт хэмнэлтийн горимд шилжих чиглэл өгч байгаа. Үүний дагуу Засгийн газар төсвийн төслөө боловсруулсан байна. Үүнд дэмжих олон заалт бий. Дэмжихгүй байх ч заалт байна. Дундаж иргэн ойролцоогоор 500 мянган төгрөгийн цалин авч байгаа. Үүний 30 хувийг хассан тохиолдолд иргэдэд ямар хүндээр тусахыг тооцоолох хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх явцад нарийн хэлэлцэх ёстой” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “УИХ-ын гишүүд Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Улаанбаатар хотоос алслагдах тусам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Энэ хуульд Улаанбаатар хотоос алслагдах тусам татварыг бууруулах замаар орон нутагт үнийн өсөлтийг зогсоох талаар тусгасан. Энэ бол эдийн засгийн хүндрэлээс гарах нэг том боломж юм” хэмээв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ