Мөсний баяр ирэх долоо хоногт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-20 21:51:05

“Түйн голын жавар-2017” мөсний баяр энэ сарын 28-нд Баянхонгор хотноо Түйн гол, Оготнотой булагт болохоор болжээ.

Эрт үеэс өвлийн улиралд монголчуудын дунд уламжлагдан ирсэн баяр наадмыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан хөгжүүлэх зорилгоор тус арга хэмжээг Баянхонгор аймаг уламжлал болгон зохион байгуулж буй. Тус арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний уялдаа холбоог сайжруулан, эрүүл агаарт зөв боловсон амрах дадал зуршлыг төлөвшүүлэх зорилт тавьдаг байна.

Мөсний баярын үеэр Монгол үндэсний хувьцастай сайхан хос шалгаруулах, мөсөн шагай, хээрийн амт (байгууллагууд уламжлалт ахуй соёлоо илэрхийлэн хэрхэн тохижсон байдал), шагайн наадгай зэрэг тэмцээнүүд болох аж. Оролцох багууд үндэсний онцлогийг харуулсан монгол хувцастай, өөрийн байгууллагыг илэрхийлэн туг, лого, таних тэмдэгтэй байх шаардлагатай гэнэ. Байгууллага хамт олон нэг баг болж оролцох бөгөөд өөрсдийн хотхоноо Мазаалай баавгайг илэрхийлэн бүтээлээр тохижуулах юм байна.

Энэ жилийн Мөсний баярыг Баянхонгор аймгийн БОАЖГ, аймгийн БТСГ, Хаан банк, аймгийн Боловсрол соёлын газар хамтран зохион байгуулж байна.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ