Сенегал болон Нигерийн цэргүүд Гамбид нэвтрэн орох гэж байна

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-01-19 11:00:32

ЛОНДОН./BBC/. Хэрвээ Гамби улсыг олон жилийн турш удирдаж буй Ерөнхийлөгч Яхья Жамме Гринвичийн цагаар шөнө дундад албан тушаалаасаа сайн дураараа огцрохгүй бол Сенегал болон Нигери улсын зэвсэгт хүчин Гамбийн нутаг дэвсгэрт нэвтрэн орохоор бэлтгэж байна.

Сенегалын армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “хэрвээ Гамбийн эрх баригчид хямралт байдлаас гарах улс төрийн шийдлийг олж чадахгүй бол манай улсын арми цэргийн ажиллагаа явуулж эхэлнэ” гэжээ.  

Харин Нигери улс “Сенегалын хуурай замын цэргийн хүчнийг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн байна. Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Нигерийн сөнөөгч онгоцууд болон 200 цэргийн албан хаагч Сенегалд хүрэлцэн иржээ. Гамбид байгаа Нигерийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр Лагос боомтоос байлдааны хөлөг онгоц хөдөлсөн байна.

Гамби улсаас Холланд, Их Британи улсын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Гамби улс сүүлийн жилүүдэд барууны орнуудын жуулчдын очих дуртай газар болсон юм. Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа боловч тус улсын хүн амы ихэнх нь ядуу зүдүү хэвээр байна.

Гамбийн нутаг дэвсгэрт нэвтрэн орох зөвшөөрлийг Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн хамтын нийгэмлэгээс /ЭКОВАС/ Сенегал улсад өгчээ. Тус байгууллагын хувьд Гамбийн сөрөг хүчний удирдагч Адам Бэрроу сонгуульд ялсан гэж үзэж байгаа юм. А.Бэрроу одоогоор Сенегалд байгаа аж.  

Харин өнгөрсөн оны сүүлчээр Гамбид болсон сонгуулийн дүнг одоогийн Ерөнхийлөгч Я.Жамме хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 19-ний өдөр дуусах ёстой боловч тус улсын парламент энэ хугацааг 3 сараар сунгасан нь ЭКОВАС-ын дургүйцлийг төрүүлжээ. 

Үүний зэрэгцээ, АНУ-ын Төрийн Департамент мэдэгдэл гаргаж, төрийн эрх мэдлийг тайван замаар А.Бэрроуд шилжүүлэхийг Я.Жаммед уриалсан юм.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ