Органик хүнсний тухай хуулийн талаар мэдлэг олгох сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-19 01:21:48

Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХХААГ, Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Стандарчлал Хэмжил зүйн төв зэрэг байгууллагууд хамтарч “Органик хүнсний тухай Монгол Улсын хууль”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж явуулав.

Сургалтад тус аймгийн хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо. Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга З.Нэргүй:- “Сургалтыг зохион байгуулж буй зорилго ач холбогдол гэвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аар “Органик хүнсний тухай хууль”-ийг хэлэлцэж баталсан. Уг хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж хуулийн үйлчлэл хэрэгжээд явж байгаа учраас оролцогчдад уг хуулийн мэдлэгийг өгч эдгээр хүмүүсээрээ дамжуулж Монгол Улсад Органик хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд бий болгож хүнсний аюулгүй байдлыг хангахад ахиц гаргахад чиглэгдсэн.

“Органик хүнсний тухай хууль” маань гурван бүлэг, 14 зүйлтэй авсаархан хууль боловч доторх агуулга нь өргөн цар хүрээтэй хууль байгаа юм. Энэ хуулийг хэрэгжүүлэх үндсэн салбар гэвэл манай хөдөө аж ахуйн салбар. Тэр дотроо газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл учраас илүү их анхаарах ёстой. Органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бизнес хийх нь сайн дурынх боловч цаашдаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа салбарууд хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ