Ц.Дэлгэр:Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-17 17:32:51

Шинэ он гарсаар Монгол Улсын хэмжээнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын хуулинд хэд хэдэн өөрчлөлт орж иргэдийн даатгал төлөх шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөөд байгаа. Мөн эмийн үйлчилгээнд ч хөнгөлөлт үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг нэлээд өөрчлөлтүүд гарсан билээ. Энэ талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөх зорилгоор Сэлэнгэ аймгийн ЭМНДХ-ийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга Ц.Дэлгэрээс тодруулга авлаа.

-Шинэ он гарсаар ЭМД-ийн шимтгэлийн төлөлтөнд өөрчлөлт орлоо. Чухам ямар өөрчлөлт орсон талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-За тиймээ. 2015 оны 1-р сарын 28-нд ЭМД-ийн хууль шинэчлэгдсэн. Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор ЭМДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан 1-2 хувь байна гэж тогтоон өгч, энэ хуулийн хүрээнд үйлчилж байсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг болон өөрчлөгдлөө. Үүнтэй уялдуулан ЭМДШ-ийн төлөх хэмжээнд бас өөрчлөлт орж байна. Энэ шинэчлэгдсэн хуулиар оюутнууд нэг хувиар буюу сарын 2400 төгрөг, бусад албан журмын даатгуулагчид болон ажил хийж байгаа иргэд орлогоосоо 2 хувиар буюу 4800 төгрөг төлдөг болж байна. Иймээс өмнө нь жилийн 46080 төгрөг төлдөг байсан бол одоо 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 57600 төгрөг болон өөрчлөгдөөд байна. Дашрамд хэлэхэд 19 хүртэлх насны хүүхдүүдийг төрөөс төлдөг хэвээрээ байгаа. Оюутнуудын тухайд 19 нас хүртэл төрөөс хариуцаад 19 наснаас хойш оюутнууд өөрсдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар шимтгэлээ төлнө. 17 насандаа оюутан болсон бол сурч байгаа сургуулийнхаа тодорхойлолтыг үндэслэн төрөөс ЭМД-ийн шимтгэлээ төлүүлэх хууль хэвээр үйлчилж байгаа.

-Сэлэнгэ аймгийн тухайд эрүүл мэндийн даатгалын хамралт хэр өргөн байдаг юм бол. Хүмүүс ер нь эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар өөртөө хэрэгтэй гэдэг талаар ойлголт ямар байдаг вэ?

-2016 оны тухайд жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байна. ЭМД-д хамрагдах байдал сүүлийн жилүүдэд нэлээд буурч байна. Үүнийг бид эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн тухайд ЭМД-ийн хамралт 2011 онд 100 хувь байсан. 2012 онд 103.7 хувь болж нэлээд өссөн. Гэтэл 2014 онд 79.8 хувь болж буурсан байгаа. Бид тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулснаар 2015 онд 99.1 хувьд хүргэсэн. Өнгөрсөн 2016 оны тайлан хараахан гараагүй байгаа учраас яг ямар хэмжээнд байгааг хэлж мэдэхгүй байна.  

Уг нь иргэд аль ч талаасаа, эрсдлээ бодсон 100 хувь хамрагдах ёстой л доо. ЭМД-ийн хамралт бол 19 нас хүртэл төрөөс, ажил хийж байгаа хүмүүс авч байгаа цалингаасаа хувь төлж хамрагддаг. Харин ажилгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 12 хувиар өөрөө хувиасаа төлж хамрагдах үүрэгтэй.

-За тэгэхээр ЭМД-тай холбоотой бас нэгэн асуудал байна. Элэгний С вирусын эмний хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байгаа. Энэ эмийн хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ. Сэлэнгэ аймгийн хувьд элэгний эмийн хөнгөлөлтийг ямар эмийн сангуудаар хүргэж байна. Ер нь хөнгөлөлтэй эмийн жагсаалтанд хичнээр төрлийн эм багтдаг юм бол . . .?

-ЭМ-ийн хуульд элэгний С вирусын эмэнд 2016 оны 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн хөнгөлөлт үзүүлэхээр заасан байгаа. Энэ заасан хугацаанаас эхэлж эмээ авсан иргэдийн хөнгөлөлт эмийн сандаа бус тус эмийг нийлүүлдэг компаниудынх нь дансанд шилжиж орсон байгаа. Иймээс энэ хугацаанд элэгний С вирусын эм авсан иргэд ЭМД-ийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгө төлсөн баримттайгаа тухайн эм авсан эмийн сан дээрээ очоод хувийнхаа дансыг бүртгүүлээд хөнгөлөлтөө эдлэх бүрэн боломжтой болсон. Тухайн компаниуд хөнгөлөлтийнх нь 210000 төгрөгийг өгөх ёстой. Энэ эмийн нэг хайрцаг тутамд 210000 төгрөгийн хөнгөлөлт өгч байгаа. Хэрвээ 2 хайрцаг бол 420000 төгрөг гэх мэт. Харин 2016 оны 12-р сарын 18-наас хойш С вирусын эм авсан иргэд ЭМД-аараа жор бичсэн эмийн сангаасаа шууд хөнгөлөлтөө эдлээд авахаар болж байна. Сэлэнгэ аймгийн тухайд “Эм импекс”, “Ахмадын эмийн сан”, “Хуст хан”, Мандал суманд “Азийн нахиа” гэсэн 4 эмийн сангууд С вирусын эмийг хөнгөлж өгөх эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин элэгний В вирусын эмийг бүх эмийн сангууд хөнгөлж өгч байгаа. Өмнө нь хөнгөлөлтэй эмийн жагсаалтанд 314 төрлийн эм байсан. Одоо 818 болон нэмэгдэж, хөнгөлөлтөнд орох эмийн тоонд өөрчлөлт орсон байгаа.

-0-5 насны хүүхэд төрөөс үнэгүй эм олгох болсон. Чухам ямар эмийг олгох болсон бэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ямар эмийн сангуудаас авах боломжтой бол . . .?

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 хүртэлх насны хүүхдэд уулгах дан найрлагатай эмийн үнийг хөнгөлөх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ЭМГ-ын даргын албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болголоо. Тухайлбал ампициллин (Х), амоксициллин(Х), тетрациклин, сальбутамол, ибупрофен, парацетамол, азитромицин, амброксол, ацетилцистейн зэрэг 30 эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас зуун хувь хөнгөлөхөөр болсон байгаа. Эдгээр эмүүдийг Сэлэнгэ аймгийн хувьд өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарын жороор 17 сум, 6 тосгоны эргэлтийн эмийн сангаасаа авна. Аймгийн төвд “Монос”, “Буянт рашаан”, “Эм импекс”, “Хуст хан”, “Ахмадын эмийн сан” сангуудаар олгож байгаа.

-Иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ