Засгийн газар гишүүдийн саналыг судлан, үйл ажиллагаандаа тусгана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-16 14:52:37

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Анх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,9 их наяд, нийт зарлагыг 7,8 их наяд байхаар төсөвлөсөн байна. Ирэх онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцсон байна. Түүнчлэн, УИХ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан нь далд эдийн засаг буурах, татвар төлөгчийн илрээгүй байсан орлого, хөрөнгө ил болж, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, татварын бааз суурь өргөжинө. Мөн чиг үүрэг давхардсан байгууллагуудыг нэгтгэх, зарим үйлчилгээг ТББ-уудаар хийлгэх зэргээр хэмнэлт хийх бүхий л боломжийг илэрхийлсэн хэмээн Сангийн сайд Б.Болор хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Содбилэг, 2016 оны төсөв орж ирэхэд тойргийнхоо буюу Эрдэнэт хотод хийх хөрөнгө оруулалтыг харлаа. 2015 оноос эхэлсэн царцаагдсан барилгуудыг дуусгах хөрөнгийг төсөвт тусгаагүй байна. Харин угтах хаалга зэргийг 290 сая төгрөгөөр байгуулахаар тусгасан байна. Угтах хаалга бол төдийлөн чухал зүйл биш гэлээ. Энэ үеэр хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, 2016 төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа тул энэ асуултыг ирэх оны төсөв хэлэлцэх үед санал хэлэх хэрэгтэй гэлээ.

Хуулийн төсөлд цалин хасах замаар хэмнэлт хийхээр тусгасан нь буруу хэмээн УИХ-ын гишүүн А.Тлейхан шүүмжлэв. Тэрбээр, Цалин хасах нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулах тул төсөв хэмнэх өөр боломжийг илэрхийлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эдийн засаг маш хүндрэлтэй байгаа тул төсөв хэмнэх чиглэлээр УИХ-ын гишүүдээс Засгийн газарт ирүүлсэн бүх саналыг нарийн судлан, боломжтой саналуудыг үйл ажиллагаандаа тусгах болно гэв.

Түүнчллэн Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн төсөв боловсруулахыг хүсвэл өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан бүх хүмүүсийг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулж төсвөө боловсруулах хэрэгтэй. Мөн 2016-2017 онд дараа дараагийн жилийн өрийг төлөх хуримтлал бий болгох ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэллээ.

Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид, Гишүүд уул уурхайн бүтээгдэхүүнээс орлого олох боломжгүй гэсэн асуудал хөндөж байна. Энэ онд 15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогоор 10.5 сая тонн нүүрс экспортолсон. Үлдэж байгаа хугацаанд төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Ирэх онд 18.6 сая тонн нүүрс, 3.4 сая тонн төмрийн хүдэр, 1.4 сая тонн зэсийн баяжмал гадаад зах зээлд гаргахаар төлөвлөсөн. Сангийн яам түүхий эдийн үнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн судалгаагаар түүхий эдийн үнийг тогтоосон гэв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Ирэх онд 900 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Цалин тэтгэвэр нэмэх мөнгөөрөө О.Содбилэг гишүүний хэлсэн жишээ шиг байшин барилга барих нь зөв үү. Жирийн иргэдийн цалинг хасч болохгүй. Харин УИХ-ын гишүүдийн цалинг хасч болно. Би бол хүлээн зөвшөөрнө” гэсэн санал хэлсэн.

Сангийн сайд Б.Болор, Энэ онд 100 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт шинээр эхэлнэ. Үлдсэн нь өмнөх онд эхлээд царцаагдсан эсвэл он дамжиж хийж байгаа бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө хэмээн тайлбарлав.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Бид төсвөө бодитой батлах ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 2016 оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн байна. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сараас Засгийн газар 9 яамтай ажиллана гэж Үндсэн хууль зөрчсөн, дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдсан заалт оруулсан. Тиймээс Засгийн газар алдаагаа засч 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс 9 яамтай ажиллах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.1 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ