Энэтхэгт нас барсанд тооцсон хүн амьд байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
aminaa@montsame.mn
2015-10-16 14:31:51

МУМБАЙ. /SPUTNIK/. Мумбайн эмнэлэгт нас барсанд тооцсон хүн мэс заслын ширээн дээр амилж ажилтнуудыг цочирдуулжээ.

Ням гарагийн өглөө Мумбайн эмнэлэгт цагдаа нар орон гэргүй, нэр нь үл мэдэгдэх дөч орчим насны иргэнийг авчирчээ. Локманья Тилак эмнэлгийн эмч нас барсанд тооцон цогцсыг задлан шинжилгээ рүү шилжүүлсэн хэмээн Мумбайн цагдаагийн төлөөлөгч Ашок Дудхэгийн хэлснийг Францын AFP уламжиллаа.

“Задлан яг эхлэх мөчид тэр сэргэсэн нь гайхшралд оруулж эмч нар өрөө рүү орж ирсэн байна. Улмаар тэд нас барсны гэрчилгээг ажилчдаас аван урж хаясан” гэж Дудхэ ярьжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалд бэлдэж байсны улмаас эмчийг яаруулж  замын хажууд судсыг нь чагнуулсан хүчний байгууллагынхныг эмнэлгийн дарга, доктор Сулейман Мерчант уг алдаанд буруутгаж байна.

Тус эмнэлэг өөрсдийн хайнга байдлыг нууж, хууль хүчнийхнээр шалтаглаж байна гэж цагдаагийн ажилтан Дудхэ үзжээ.

Энэтхэгийн гудамжнаас үе үе олддог цогцос нь асуудал үүсгэдэг билээ. Жилийн эхээр Мумбайн цагдаа нар Ганга мөрнөөс гэр бүлийнхэн нь хинду шашны уламжлалаар чандарлуулах мөнгөгүйн улмаас орхисон 104 цогцос олж илрүүлжээ.

Х.Аминаа

Холбоотой мэдээ