“Реал”-ын хожигдолгүй цуврал тасрав

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-01-16 11:02:04

МОСКВА./TASS/. “Реал” багийн хөлбөмбөгчид Испанийн аварга шалгаруулах тэмцээний 18 дахь тойргийн тоглолтод “Севилья” багийн талбайд 1:2 харьцаагаар хожигдсоноор тэдний 40 тоглолт дараалан хожигдолгүй явж байсан их цуврал тасарлаа.

Талбайн эзэн багийн Стеван Йоветич 90 дэх минутанд гоол оруулсан бол Серхио Рамос 85 дахь минутанд өөрийн хаалганд автогоол хийжээ. “Реал”-аас К.Роналду /67 мин/ торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ.

Тус хоёр багийн хооронд болсон Испанийн цомын төлөөх өмнөх тоглолт тэнцээгээр /3:3/ дууссанаар “Реал”-ын хөлбөмбөгчид хожигдолгүй тоглолтын тоогоор “Барселона”-г гүйцэж түрүүлсэн юм.

“Реал”-ынхан хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сард Аваргуудын лигийн ¼ шигшээгийн тоглолтод Германы “Вольфсбург” багт 0:2-оор хожигдож байжээ. Түүнээс хойш мадридчууд 30 хожил авч, 10 удаа тэнцсэн байна.

“Севилья”-д хожигдсон хэдий ч “Реал” баг 17 тоглолтын дараах байдлаар 40 оноотойгоор тэмцээний хүснэгтийн тэргүүнд бичигдсэн хэвээр байгаа бол удаад нь 39 оноотой “Севилья”, гуравдугаарт 38 оноо авсан “Барселона” жагсчээ.

Дараагийн тойрогт “Реал” баг 21-ний өдөр “Малага” багийг талбайдаа хүлээн авах бол “Севилья” 22-ны өдөр “Осасуна”-тай талбай дээр нь тоглох хуваарьтай.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ