Хүүхдүүд эрхээ мэддэг ч үүргээ ухамсарлахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВХүүхдийн хүмүүжил харилцахаас эхэлдэг. Учир нь хүүхэд бага ахуй насандаа гэр бүл, цэцэрлэг, өсөх насандаа сургууль найз нөхдөөсөө үлгэр дууриал авч нийгэмтэй шууд харилцдаг байна.
Орчин үед хүүхэд багачуудад "хүүхдийн эрх"-ийг хэт ойлгуулаад "үүрэг"-ийг нь орхигдуулснаар тэднийг буруу зүйл рүү хөтлөгдөх шалтгаан болж байгааг олон сэтгэл зүйчид нотолсоор байна. Тэгвэл ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн программд энэ талаар тусгаж өгч байгаа бөгөөд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн ахлах сургуулиас “Амьдрах чадвар”-ын хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулан зааж эхэлсэн байна.
Тус сургууль нь нийт 554 сурагчтай бөгөөд дээрх хичээлд сургуулийн бүх сурагчид хамрагдах аж. Мөн хичээлээс гадуур 22 төрлийн дугуйлан секцийг хичээллүүлдэг байна. Үүнээс гадна сурагчдаар өөрсдөөр нь хичээл сонголтыг хийлгэж оюутны системээр суралцах боломж олгож байгаа нь тэднийг сонирхсон хичээлээ сонгон судлах боломжийг олгож байгаа бөгөөд элдэв эрсдэлд орохоос сэргийлж байгаа гэдгийг тус сургуулийн нийгмийн ажилтан П.Ариунаа онцолсон юм.
Мөн сурагчдын хувьд найз нөхөдтэйгөө хүндэтгэлтэй харилцаж тэднийг ойлгон хүнлэг байх тал дээр илүү суралцаж байгаа нь олзуурхууштай гэдгийг эцэг эхчүүдийн зүгээс илэрхийлж байлаа.
Т.Есүхэйтөмөр