Гаалийнхан улсын төсөвт 19 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-13 17:48:21

Дорнод аймаг дахь Гаалийн газрынхан 2016 онд 19 тэрбум 332,2 сая төгрөг төвлөрүүлсэн нь улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ 131,9 хувь биелүүлжээ. Өнгөрсөн онд тэд суудлын 25684, ачааны 49070, бусад нийт 74754 тээврийн хэрэгсэлд хууль тогтоомжийн дагуу үзлэг шалгалт хийж хилээр нэвтрүүлсэн байна. Энэ хугацаанд нийт 192484 зорчигч хилээр орж, гарсан тоо байна.

Мөн 43,9 сая ам.долларын үнэ бүхий импортын бараанд, 240,5 сая ам.долларын үнэ бүхий экспортын бараанд гаалийн бүрдүүлэлт хийсний дотор нийт 4243,6 мянган баррель түүхий тосыг Баянхошуу боомтоор гаргаж БНХАУ-д экспортлов.

Гаальчид өнгөрсөн онд  гаалийн болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн захиргааны 75 зөрчил, эрүүгийн шинжтэй 2 зөрчил илрүүлж, хаягдал зэс, үхэр, хонь, адуууны мах, дайвар бүтээгдэхүүн, хуш модны самар, архи дарс, хөнгөн цагаан зэрэг нийт 14 нэрийн 4935,8 мянган төгрөгийн үнэ бүхий барааг улсын орлого болгон хураан авч, зөрчил гаргасан хүмүүст 3,2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Нийт зөрчлийн 54 буюу 72 хувийг Хавиргын боомтынх эзэлж байгаа бол Газрын тосны 19-р талбайд 1 зөрчил гарсан байна.

                                                                                                                                 Б.Туяа

Холбоотой мэдээ