Барилгачид засал, чимэглэлээр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 12:20:49

Ховд аймгийн Барилгачдын холбооноос сүүлийн хоёр жил барилгын салбарын мэргэжилтэй ажилчдын  дунд ажил мэргэжлийн уралдаан явуулж байна.

Ур чадварын уралдааныг барилгын засал чимэглэл, бетон зуурмаг, арматур, сантехник, цахилгаан, гагнуур зэрэг долоон шалгуураар явуулдаг. Өнгөрсөн жилийн уралдаан Ховд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд явагдаж бетон зуурмаг, арматур хийхэд хүндрэлтэй байсан учир энэ жил задгай талбай сонгожээ.

Энэ удаагийн барилгын мэргэжилтэй ажилчдын ур чадварын аймгийн аварга шалгаруулах уралдаан “Жаргалант удам” хувийн эмнэлгийн барилгын талбай дээр боллоо.

Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулатын газар, Мэргэжлийн хяналт, МСҮТөв, Барилгачдын Холбоо хамтран зохион байгуулж, дөрвөн компанийн 10 гаруй барилгын мэргэжилтэй ажилчид оролцлоо.

Энэ удаагийн ур чадварын уралдаан засал чимэглэлийн төрлөөр явагдаж мэргэжлийн барилгачид тэгш талбайд  шавардлага, засал чимэглэл, амлагаа хийх, плита наах ажлууд хийв.

Уралдаанаас мэргэжлээрээ шалгарсан барилгачдыг аймгийн ажил мэргэжлийн аваргаар тодруулж өргөмжлөх юм байна.

Барилгачдын холбооны тэргүүн Ц.Цэндхүү “Сүүлийн үед барилгын ажлын үнэлгээ өндөр болсон. Манай салбарт англи хэлний багш мэргэжилтэй хүн ч өрлөг хийж байна. Барилгын тусгай зөвшөөрөлтэй компанд туслах ажилтан өдөрт 25,000 төгрөгийн цалинтай. Үндсэн ажилчин 1,5-2 сая хүртэл төгрөгийн цалин авдаг “гэж ярилаа.

Гэхдээ барилгын компаниудад харьяалагдаагүй сайн дураараа ажилладаг хүмүүс урьдчилж цалингаа аваад  дундаас нь орхиж явдаг нь  бэрхшээл учруулдаг байна.       

Ховд аймагт өнөөгийн байдлаар 70 орчим тусгай зөвшөөрөлтэй барилга угсралтын байгууллага ажиллаж байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ