Сүхбаатар аймагт сүүлийн гурван жилд 2000 гаруй хүн шилжин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-11 11:17:25

Сүхбаатар аймгийн хүн ам өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 60 мянгад хүрсэн. Энэ нь нэгдүгээрт төрөлт залуужиж нэмэгдсэн, хоёрдугаарт Сүхбаатар  аймагруу өөр аймаг болон нийслэл хотоос шилжин  ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.

2016 онд гэхэд Сүхбаатар аймагт 700 орчим хүн  шилжин иржээ. Бусад аймаг болон нийслэл хотоос төрөлх нутгаа зорин ирсэн иргэдийн хувьд нутагтаа ирээд ажил амьдрал өөдрөг сайхан байна гэдгийг хэлж байгаа юм. Жишээлбэл:  Наранбулаг Сүхбаатар принтинг ХХК-ийн захирал Н.Батхүрэл гэх хүн 1985 оноос хойш Улаанбаатар хотод ажиллаж амьдарсан ч, 2014 онд төрөлх нутгаа зорин ирж хувийн  хэвлэлийн үйлдвэр байгуулан өнөө хүртэл ажиллаж байна. Энэхүү үйлдвэр нь тус аймагтаа анхдагч үйлдвэр болсон бөгөөд офсет, дижитал, өргөн гээд хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээг аймаг орон нутгийнхаа иргэдэд үзүүлж байна.

Сүүлийн гурван жилд Сүхбаатар аймагт 2300 гаруй хүн шилжин ирж, 3000 гаруй хүн явсан байдаг. Гэхдээ шилжин явж буй хүмүүсийн ихэнх нь түр оршин суугч байсан учир тоо нь өндөр байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд орон нутагтаа ирж суурьших хүмүүс их болсон гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц. Хад хэллээ.

Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд хийгдсэн шилжилт хөдөлгөөнийг танилцуулбал  2014 онд 730, 2015 онд 905, 2016 онд 672 хүн шилжин ирсэн бол 2014онд 1082, 2015 онд 900, 2016 онд 959 хүн шилжин явсан байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ