Үйлдвэрлэгчдийн түрээсийн төлбөрийг хоёр дахь жилдээ хөнгөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-10 17:35:20

Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйчилгээний газраас орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдаалдаг “Увсад үйлдвэрлэв” худалдааны цэгийг хоёр дахь жилдээ ажиллуулж байна.

Одоогоор Улаангом сумын 38 иргэн орон нутагтаа өөрийн гараар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр төлөхгүйгээр тав тухтай орчинд зарж борлуулж байна. Тухайн худалдааны цэг нь сард дунджаар 3-4 сая төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэгчид хамгийн багадаа 2 сая, дээд тал нь 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Тус цэгээр гадагшаа дотогшоо явсан иргэд, хот хүрээнээс ирсэн зочид гийчид, хол ойрын хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг байна. “Увсад үйлдвэрлэв” худалдааны цэгт чацаргана, үхрийн нүд, аньсны бүтээгдэхүүн, гутал, хувцас, эсгий эдлэл гээд орон нутагт үйлдвэрлэсэн төрөл бүрийн бараа таваар зарагдаж байна. Үйлдвэрлэгчид борлуулалтаасаа хамаарч худалдагчийнхаа цалинг дундаасаа олгодог аж.

“Иргэд ямар нэгэн татвар түрээс төлөхгүйгээр “Увсад үйлдвэрлэв” худалдааны цэгээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ байрны түрээсийн төлбөрийг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хариуцаж байгаа. Үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжээ дэмжсэнээр тогтмол ажлын байр бий болгох, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх давуу талтай” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Ц.Гантөмөр хэллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ